Жилийн 365 хоног гэдэг сар, өдөр, хором мөч бүрийг нь ашиглаж чадвал олон зүйлийг амжуулж болохоор хугацаа. Анзааргагүй, алмайрч суувал урсаад л өнгөрөх өдөр хоногууд… 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд миний амьдралд ямар өөрчлөлт шинэчлэлт гарлаа, манай нийгэмд, бидний нийслэл хотод ямар ахиц дэвшил гарсан билээ хэмээн ам цагаан хулгана жилийн эхний өдрүүдэд бодож, тунгааж сууна. 

Хүү минь сургуулийн автобусаар хичээлдээ явж, ирдэг болсноос хойш хүүхэд зөөх гэдэг “зовлонт” ажилд хэнийгээ, хэрхэн ацаглах вэ гэж өдөр бүр ухаанаа уралдуулах шаардлагагүй болсон нь өнгөрсөн гахай жилд манай гэр бүлийн хувьд гарсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг билээ. Магадгүй манайх шиг Улаанбаатар хотын олон залуу гэр бүлийн хувьд сургуулийн автобус ийнхүү ач тусаа өгч байгаа болов уу. 

Урин дулаан цаг айлсав уу, үгүй юү охин минь өдөржин найзуудтайгаа тоглодог байрны маань урд талын тоглоомын талбайг стандартад нийцүүлэн засаж шинэчилсэнд  хүүхдүүдээсээ дутахгүй баярлаж байгаа хүмүүс бол манай байрныхан. Хорь, гучин жилийн турш хүүхдүүдийн зугааг гаргасан гулсуур, савлуур нь сүүлдээ хүүхдийн эрүүл мэндэд аюул заналхийлэх болж, уржнан нэг балчир охин сөрдийсөн төмөрт нь эрүү нүүрээ зүсээд бөөн юм болсныг нүдээрээ үзсэн учраас тэр. 

Хүүхдийн тоглоомын талбайгаас эхлээд зам, барилгын ажил гүйцэтгэж буй компаниуд иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах наад захын стандарт, норм дүрэм ч мөрддөггүйн улмаас барилгын гадна, дотор талбайд хэчнээн хүн харамсалтайгаар амь эрсэдсэнийг нийслэлчүүд мартаагүй биз ээ. Хотын ажил, амьдрал, бүтээн байгуулалт, бодлого, төлөвлөгөө, шийдэл шийдвэр бүгд тогтсон стандарттай, хэм хэмжээтэй байх ёстой гэдэг аман яриа ингэж амьдралд бодитоор хэрэгжсэн нь энэ. 

Дэлхий нийтийг айдаст автуулаад буй корона вирусийн халдвараас Монгол тивдээ ганцаараа шахам торойгоод “бултаж” үлдсэн нь тохиолдлын хэрэг биш бөгөөд монголчууд дархлаа ч сайтай, дээрээс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг ч маш сайн авч хэрэгжүүлж байгаагийн үр дүн юм. Төр, засаг, нийслэл хот шат шатандаа халдвараас урьдчилан сэргийлэх бодлого шийдвэрүүдийг шуурхай гаргаж, эргээд хэрэгжилтэд нь сайтар хяналт тавьж чадаж байна. Нийслэлд гэхэд л хотын удирдлагуудаас эхлээд хороодын хэсгийн ахлагч хүртэлх бүх шатны 6000 орчим алба хаагч өдөр, шөнөгүй эргүүлд гарч, жижүүрлэн ажиллаж буй. Яг л утааг бууруулахын тулд  сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд чанд хатуу хяналт тавьсан шигээ тэд ийн ажиллаж байна.  

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтыг сүүлийн 20-иод жилийн турш өнгөлж байсан Улаанбаатар хот энэ өвөл хорт утааг жинхнээсээ бууруулж “хар жагсаалт”-аас гарсан тулдаа уушгины үрэвсэлт өвчин, хатгалгаа газар авч, хүндрэх нь харьцангуй бага байгааг өдгөө мэргэжилтнүүд онцолж буй. Магадгүй ноднин, уржнан, түүний урьд жилүүдийнх шиг нийслэл хот нүүгэлтсэн утаатайгаа байсан бол Монголд корона вирусийн халдвар хэдийн илэрчихсэн ч байж мэдэх юм. 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидний амьдралд, манай хотод энэ мэтчилэн олон өөрчлөлт, шинэчлэлийн томоохон ажлууд хийгджээ. Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авч байв. Тэр үед улсынхаа нийслэлийн төв талбайн газраас гуравны нэгийг нь хувийн компанийн эзэмшилд өгөөд 13 жил болж буйг, бүр банкны барьцаанд хүртэл тавьсан байсныг бидний хэн нь ч мэдээгүй байлаа. Энэ нэг жилийн хугацаанд харин нийслэл хот маань өрхийн тэргүүнтэй, эзэнтэй болсон гэлтэй.