Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.10.04) TURKSOY буюу Турк гаралтай орнуудын соёлын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Раив Султан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Үүх түүх, өв соёлоороо салшгүй холбоотой Монгол, Турк хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд Элчин сайдын яам болон ТИКА зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирснийг талууд энэ үеэр онцолж байлаа.

“Эртний түүхт хоёр орны түүх, соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, хойч үедээ сэргээн сануулах, түүх соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс Налайх дүүрэгт Мэргэн Тоньюкукын музей цогцолборыг байгуулах ажил эхэлсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол, Туркийн ард түмэн төдийгүй Турк гаралтай улс орнуудын соёлын харилцаа өргөжин тэлж, тэр хэрээр олон талт хамтын ажиллагааны суурь батжиж, нийгэм эдийн засагт багагүй үр өгөөж авчирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэллээ.