Нийслэлийн ИТХ-ыхн ээлжит бус XX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн үнэт цаас гаргаж арилжих тухай болон бусад асуудлыг хэлэлцлээ. 

Үнэт цаасны хувьд Алсын хараа-2050, Шинэ сэргэлийн бодлого болон нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 1 их наяд төгрөгийн 100 мянган төгрөг хүртэлх төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 сая ширхэг нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд, нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг  орон сууцжуулахтөсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 500 сая ам.доллар хүртэлх үнэт цаасыг гадаадын зах зээлд гаргаж үе шаттай арилжихыг дэмжиж баталлаа. Нийслэл үнэт цаас арилжаалж төвлөрсөн хөрөнгийн эх үүсвэрээр дараах, төсөл арга хэмжээг санхүүжүүлэх юм. Үүнд: 

  1. Эрчим хүч хуримтлуурын станцын ажил 296 тэрбум төгрөг 
  2. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажил 26.9 тэрбум төгрөг 
  3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх гадна инженерийн шугам сүлжээний ажил 52.5 тэрбум төгрөг 
  4. Авто зам замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлыг 120.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх 
  5. Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. 

Харин Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг шинээр барих, 32-ын тойрог орчмын баруун талын тохижилтын ажил хийх, Багахангай дүүргийн Хойд жигүүрийн халаалт болон хэрэглээний халуун усны шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэх, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, нийтийн зориулалттай цахилгаан шатны шинэчлэлтийн ажил болон бусад ажил, арга хэмжээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ