Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11 байхаар баталсан. Хуульд санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө бүх шатны Сонгуулийн хороог байгуулахаар заасан байдаг. Энэ дагуу Нийслэлийн Сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн даргаас гадна 7 хүний бүрэлдэхүүнтэй байх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийлээ. Нийслэлийн сонгуулийн хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид орж ажиллана. Тиймээс Нийслэлийн сонгуулийн хороог Нийслэлийн ЗДТГ-ын дарга ахалж, Нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллага, Төрийн албаны зөвлөлийн албан хаагчид орж ажиллах юм. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батална.  

2023 онд нийслэлийн өмчит 10 газар ашигтай ажиллажээ

Зөвлөлийн хурлаар мөн Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүүгийн тайлангийн цэвэр ашгаас 1 тэрбум 340 сая 522 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажилласан байна. Үүнд:

  • “Зорчигч тээвэр 3” -₮608,040.39
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ₮2,422.31
  • Өсвөр үе хүнс-₮679.09
  • Хүнс хангамж төв ₮67,712.76
  • Багачууд хүнс -₮26,919.52
  • Асгат-₮53,470.50
  • Хөрөнгө оруулалтын газар-₮312,834.37
  • Хот төлөвлөлт судалгааны институт-₮124,992.80
  • Гэрлэх ёслолын ордон -₮143,450.46 тус тус төвлөрүүлнэ.

30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцууллаа. Энэхүү барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрсэн байна. Хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барих юм.  

Зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024.07.24-ний өдөр хуралдуулахаар товлов. Хуралдаанаар дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ