Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, D.Parliament.mn цахим системийг танилцуулах уулзалт боллоо. НИТХ-ын төлөөлөгч нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, албан хаагчид оролцсон уг уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үг хэлж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулсан юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн. Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргах, тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангах зорилгоор “D-Parliament” цахим хуудас, аппликейшн хосолсон платформыг хөгжүүлээд байна. Олон нийтийн саналд тулгуурлан цахим платформын хөгжүүлэлтийг цаашид илүү боловсронгуй, хүртээмжтэй болгохоор зорьж байгаа юм. Иймд төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхийн хүрээнд улс төрийн 24 нам, эвслээс гаргасан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хамтарсан санаачлага, Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим шилжилттэй холбоотой цаг үеийн мэдээ мэдээлэл өгч, нийслэлийн иргэд, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудтай уулзан санал бодлыг нь сонсч, хуулийн өөрчлөлтийг танилцуулж байгаад нь талархал илэрхийллээ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль түүнтэй уялдуулан гарсан 16 орчим хуулийн шинэчлэлийн хүрээнд нийслэл Улаанбаатар хот анх удаа төсвөөс хараат бусаар эдийн засгийн асуудлаа шийдэх боломж бүрдээд байна. УИХ-д Нийслэлийн асуудал эрхэлсэн Түр хороо ажиллаж байна. Энэ бол УИХ, Засгийн Газраас Нийслэлд үзүүлж байгаа томоохон дэмжлэг юм. Нийслэл хотын ирээдүйн хөгжил, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй хуулиудын өөрчлөлтөөр бий болоод байгаа эдийн засгийн энэхүү боломжийг бид дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд, иргэдийн оролцоонд тулгуурлан бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болгох нь чухал болохыг онцлоод нийслэлийн хэмжээнд иргэд үзүүлж буй төрийн үйлчилгээ цахимжсаны үр нөлөө өндөр байгааг дурьдлаа. Тухайлбал Нийслэлийн нутгийн захиргааны 43 байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа 589 нэр төрлийн үйлчилгээг 303 нь цахимжаад байна. E-Mongolia болон нийслэлд хийгдсэн цахим шилжилтийн дүнд  74.3 тэрбум хэмнэсэн. Энэ онд 13 байгууллагын үйл ажиллагааг 100 хувь цахимжуулна гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж буй нь нэг талын боломж. Эдийн засгийг дэмжих, засаглалын тогтвортой байдлыг бий болгох, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалтыг оновчтой болгох, улсын нэгдмэл бодлогыг боловсруулахад анхаарлаа хандуулж буй нь сайшаалтай.

Энэ хотод эдийн засгийн болоод хүн амын тал хувь, их, дээд сургуулийн 95 хувь оршиж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн үндсийг тусгаж байж, урагшаа явах юм бол 30 жил хуримтлагдсан асуудлуудыг шийдэх юм. Бидний шийдэж чадахгүй байгаа түгжрэлийн асуудал, хот төлөвлөлт, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, газар доорх инженерийн байгууламжийн 60 хувь нь хуучирч муудсан байдал, ажилтан, албан хаагчдын цалин пүнлүүг нэмж чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Ингэж байж дараагийн 50 жил, 100 жилийн хөгжлийг ярих учиртай. Нийслэл хотын алсын хараа, том амбиц эндээс гарах ёстой. Олон улсын зэрэглэл бүхий хот болж, олимпыг Улаанбаатарт зохион байгуулах хэмжээнд зүтгэх амбицтай болно” гэв.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ