Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа.

Тэрбээр “Паркт төлөвлөсөн бусад үйлдвэрүүдийг байршуулж үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2020 он гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр байршуулан 1500 ажлын байрыг бий болгох боломж бүрдэх юм. Эхний ээлжинд 120 га талбайд төлөвлөгдсөн бөгөөд бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулахад улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэх боломжтой. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан ачаа тээврийн байршлын онцлог, давуу тал, ажлын хэсгийн санал зэргийг тус тус үндэслэн “Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв” болон “Налайх олон улсын ачаа тээврийн парк” байгуулах шаардлагатай байна” гэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтооно

Дараа нь хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцэв. “Орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм, холбогдох стандартад заасан дээд хязгаарын хэмжээгээр тогтооход 723 нэгж талбарт 1173.2 га газарт өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон байна. Нийт 723 нэгж талбарыг газар ашиглалтын төрлөөр авч үзвэл 184 өмчлөгч, 521 эзэмшигч, 18 ашиглагч эрхтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Ажлын хэсгээс цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын бүсийн хэмжээг тодорхой хэмжээнд өөрчлөх саналыг оруулж байна. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламж болон алслагдсан дүүрэг, хороодод байрлах цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг барилгын норм стандарт заасан дээд хязгаараар 150-500 метраас тус тус тогтоож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, баталгаажуулах саналыг оруулж байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Хотын Захирагчийн зүгээс орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийн газрыг баталгаажуулах тухай танилцуулгын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган газрын нөхөн олговрыг тооцож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, газрыг баталгаажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн шинээр төлөвлөн ашиглалтад орох цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын насос станцын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг холбогдох хууль, норм дүрмийн дагуу тогтоон төлөвлөж байхыг Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс