Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар өнөөдөр (2024.05.01) 2023 онд батлагдсан хуулиудын уг эх дээр Төрийн тамга дарлаа.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр Төрийн тамга дардаг. Энэхүү төрийн ёслолыг үйлдсэнээр Монгол Улсын Их Хурлаас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагддаг.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ,“Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж хадгалах журмыг тогтоодог бөгөөд холбогдох хуулийн зохицуулалтын дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар  хамтран Улсын Их Хурлаас баталсан хууль болон соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын тогтоолын уг эхийн эхний хуудас дээр Төрийн тамга дарах арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай” гэв. Улсын Их Хурал 2023 онд нийтдээ анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт 378 хууль баталсан байна. Эдгээр хууль тогтоомж нь нийт 6 боть, 1409 нэгж хуудас болжээ. Эдгээр хуулиудын эх дээр Төрийн тамгыг дарлаа.  Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамгыг дарах ёслол Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “Морин хуур” танхимд болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.