“Монгол Улсын Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор уг өдрийг 2008 оноос жил бүрийн 7 сарын 10-нд тэмдэглэж ирсэн. Энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн удирдлагууд оролцлоо. 

Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.  Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ