Эрхэм хүндэт баялаг бүтээгчид, уурхайчид, хөрөнгө оруулагчид аа,

Энэ танхимд хуран цугласан зочид, төлөөлөгчид өө.

Энэ жил тохиож буй Уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойн хүрээнд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Уул уурхайн долоо хоног – 2022” нэгдсэн арга хэмжээг анх удаагаа зохион байгуулж байна.

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцож буй энэхүү арга хэмжээ нь уул уурхайн салбарт хэрэгжүүлэх Засгийн газрын бодлого, хөрөнгө оруулалтын орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, хариуцлагатай уул уурхай, уул уурхайн техник, ханган нийлүүлэлт, эмэгтэйчүүдийн оролцоо, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, үүсмэл ордын ашиглалт, салбарын эрх зүйн орчны шинэчлэлт, аж үйлдвэржилт, ногоон хөгжил зэрэг цогц асуудлуудыг нухацтай хэлэлцэж, шийдэл олох индэр болж байна.

Юуны өмнө, Монгол Улсын хөгжил уул уурхайн салбар дээр тогтож ирсэн гэдэг үнэнийг хүлээн зөвшөөрч, энэ салбарт хандах нийгмийн хандлага, сэтгэлгээгээ өөрчлөх ёстой.

Өнгөрсөн хугацаанд бидний өмнөх үеийнхний цогцлоосон Налайх, Шарын гол, Багануур, Адуун чулуун, Шивээ овоогийн нүүрсний уурхайнууд, Эрдэнэт, Бор-Өндөр, Бороо, Оюу толгой зэрэг томоохон бүтээн байгуулалтууд манай улсын хөгжил дэвшлийн тулгуур болж ирсэн билээ.

Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Оюу толгойн бүтээн байгуулалт нь Монгол Улсын хөгжлийн шинэ үеийг эхлүүлж, манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэх чухал алхам болж чадсан.

Уул уурхайн салбар Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, экспортын орлогын 90 хувь, төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж, Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, олон улсад зардаг 10 барааны 9 нь байгалийн баялаг байна.

Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхайн салбарын хөжлийг шинэ шатанд гаргах стратегийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж байна.

Миний бие “Шинэ сэргэлтийн бодлого” УИХ-аар батлагдах үед “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэж хэлж байсныг Та бүхэн санаж буй биз ээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтуудын үр дүнд Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, Монголын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулах суурь нөхцөл бий болно.

Цар тахлын, бас дайны энэхүү цаг үед тээвэр логистик, хил хязгаарын удаашрал, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол зэрэг олон сөрөг хүчин зүйлс бүтээн байгуулалтын ажилд бодитоор нөлөөлж байгаа боловч өнгөрсөн хугацаанд бид чамлахааргүй олон ажлыг амжуулж чадлаа.

Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, Монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал, Тэг гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж чадсан. Энэ бүтээн байгуулалт 2023 оны эхний хагаст ашиглалтад орж, Монголчууд бид дэлхийд 4-т эрэмбэлэгдэх Гүний уурхайтай болно.

Монгол Улсын Гашуунсухайт боомт БНХАУ-ын Ганцмод боомттой хил холболтын цэгээр холбогдож,  экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр олон жил улс төржин маргаж, 80 гаруй их наяд төгрөгийн алдагдсан боломжийн өртөг шингэсэн Гашуунсухайтын төмөр замын ажил амжилттай дууслаа.

Ханги-Мандал, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр зам баригдсанаар бид 2 дахь Замын-Үүдтэй болно.

Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээний дагуу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ.

Эрхэм баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид аа,

Энэ удаагийн “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнээс зөвлөмж, уриалга гаргахгүй, бодит шийдлүүдийг хэлэлцэж гаргаад дараа жилийн чуулганаар ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр дүн болж чадна.

Эх орныхоо эдийн засгийн шинэ сэргэлтийг түүчээлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж буй Та бүхэнд амжилт хүсье.