Аж үйлдвэрийн ууган голомт, олон үндэстний өлгий нутаг Налайхын Их уурхайн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан үе үеийн ахмад уурхайчдын улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг хүндэтгэх, дурсан санах, залуу хойч үедээ сурталчлан таниулах зорилготой “Эргэн дурсахуй” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж Монгол Улсын Хөдөлмөрийн ууган баатар Д.Даваажавын хөшөөнд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Уурхайн дарга асан Д.Оргил нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Эргэн дурсахуй” хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Их уурхайн үе үеийн ахмадууд, дүүргийн нийт иргэдэд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Налайхын их уурхайн түүх бол улс эх орны маань хөгжлийн түүх билээ. Улсын нийслэл Улаанбаатар хотыг 70 гаруй жил илч дулаанаар хангаж ирсэн Налайхын чулуун нүүрсний уурхайд хөдөлмөрч, бүтээлч хүмүүс хэрхэн ажиллаж байсныг эгэл жирийн уурхайчны хүүгийн хувьд би сайн мэднэ. Уурхайчны хөдөлмөр хүнд бэрх боловч хүн өөрт оногдсон ажилдаа эзэн байж гэр бүл, хамт олон, улс нийгмийнхээ сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь хамгийн том нэр алдар байдгийг уурхайчин аав минь бидэнд ажил үйлсээрээ үлгэрлэн харуулсан. Налайхын төдийгүй нийслэл Улаанбаатар хотынхоо, Монгол Улсынхаа шинэ цагийн түүхийг дараагийн үеийн залуучууд бид бичих учиртай. Өнөөгийн бидний төрж өссөн, сурч хүмүүжсэн, ажиллаж, амьдарч буй Налайх дүүрэг маань салбар салбарын хөдөлмөрч бүтээлч ахмадуудын маань нөр их хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон гэдгийг залуу хойч үеийнхэн Та бид мартах ёсгүй” гэсэн юм.

Өнгөрсөн 100 жилийн түүхэнд уул уурхайн салбарын анхны Хөдөлмөрийн баатар, анхны Гавьяатууд эл Алтан уурхайгаас төрөн гарсан юм. Тухайлбал, Налайхын их уурхайгаас Хөдөлмөрийн баатар 9, БНМАУ-ын Ударник 2, Төрийн шагналт 3, Гавьяат уурхайчин 14, төрийн дээд одон, медальтан 1500 гаруйг төрүүлээд байна.

Улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Налайхын Их уурхайг 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор “Аж үйлдвэрийн гавьяаны одон”, 1982 онд Ардын хувьсгалын 61 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнаж байсан түүхтэй юм.