ХХ зууны Монгол Улсын манлай тамирчин, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов гуайтай ярьж, сониндоо ярилцлага авах зорилгоо хэлэхэд “Би танай ажил дээр яваад очъё” гэж байна. Өвлийн хүйтэнд, халтиргаатай замд настай хүнийг нааш, цааш нь явуулахыг хүсээгүйдээ “Үгүй ээ, бид таны хаана байгаа газарт очъё” гэтэл тас гүрийсээр байгаад өөрөө манай редакцид яваад ирэв.

Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт энэ агуу хүмүүний энгийн, хөгжилтэй ярианд автаад 116 минут хэдийнэ жирэлзээд өнгөрснийг ч анзаарсангүй…

1974 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр толгой уургалсан байдлаас суйлж унагах нэгэн мэх хийсэн нь хожим “Ойдов мэх” хэмээн дэлхийд данслагдаж, 2005 онд Олон улсын чөлөөт бөхийн холбооноос зохиогчийн эрхийг нь баталгаажуулан, сертификат олгосон анхны монгол мэх болсон түүхтэй.

Тийм ээ, Зэвэгийн Ойдов, Дүвчин хэмээх ах, дүү хоёр Монголын спортын түүхэнд ямар бахдам гавьяа байгуулсныг монголчууд төдийгүй дэлхий андахгүй.

-“Манай Зэвэгийн хүүхдүүд” гээд Дүвчин гуай та хоёрыг нутгийнхан тань ихэд хүндэтгэдэг байх. Одоогийн хэллэгээр бол та хоёр нутаг усныхаа нэрийн хуудас, од нь байж таарна. Хамгийн сүүлд хэзээ нутагтаа очив?

-Өнгөрсөн зун нутагтаа очиж, долдугаар анги төгссөн ангийнхантайгаа 51 жилийн дараа уулзалдлаа. Тэгсэн сонирхолтой нь манай ангийнхан хоёрхон газарт хуваагдчихсан байдаг юм байна. Нэг хэсэг нь хөдөө сумандаа, үлдсэн нь Улаанбаатар хотод аж төрж байх юм.

Манай удмынхан эрт дээр үеэсээ гартаа бүлтэй хүмүүс гэдгийг нутгийнхан маань андахгүй. Миний төрсөн ах, нагац талын өвгөн ах маань их сайн барилддаг. Ээжийн минь ээж мундаг бяр тэнхээтэй хүн байсан гэдэг. Аав минь нутагтаа нэртэй уургач хүн байсан.

Бид эцэг, эхээс долуулаа. Миний төрсөн эгч зургадугаар ангийн хүүхэд байхдаа Монголын хөдөөгийн залуучуудын спартакиадаас мөнгө, хүрэл медаль авахад нутаг усныхан “Эрэгтэйчүүд нь барилдаад дийлдэхгүй, эмэгтэйчүүд нь уралдаад гүйцэгдэхгүй, эднийхэн ер нь ямар учиртай хүмүүс вэ” гэж байсан гэдэг.

Хэрэв эгч маань тамирчин болсон бол бас нэгэн түүх бичих байсан ч юм бил үү гэж боддог. “Алдар” нийгэмлэгийнхэн хөдөөгүүр тамирчид цуглуулж яваад эгчийг авахаар манайд ирэхэд аав хэдийнэ Хархоринд байдаг ахынх руу оргуулчихсан байж л дээ.

Ах, эгч хоёрын маань дунд дөрвөн хүү багадаа эндсэн учраас аав “Үхэж үхэж үлдсэн ганц охиныг минь аваад явчихна” гээд явуулаагүй гэдэг юм. Хожим эгч маань таван аймгийн бүсийн уралдаанд байнга амжилттай оролцсон, жирэмсэн байхдаа хүртэл гүйж түрүүлээд хасагдаж байсан удаатай (инээв).

-Танай эгчийг аав тань тамирчин болох замаас нь “булааж”. Гэтэл араас нь та хоёр спортын замналаар явах тавилантай байжээ дээ.

-Бид долоогоос тав нь улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн ч тамирчин болсон нь Дүвчин бид хоёр. Том ах маань аймаг орж барилдаагүй, зөвхөн сумандаа зодоглож, түрүүлдэг байв. Нэг удаа ах маань Бүх ард түмний спартакиадад урт, өндрийн харайлтаар оролцсон юм.

Ах нутагтаа барилдаад нэг хүнд уначихсан тул нөгөөх нь түүний оронд бөхийн төрлөөр оролцож л дээ. Гэтэл нөгөө бөх нь зургаа барилдаад зургаа уначихаар нь сумын дарга “Наадахаа хас. Оронд нь Содномдоржийг барилдуул” гэж. Тэр үед тамирчдын нэр усыг тэгж амархан өөрчилж болдог л байсан юм байлгүй, ах маань 26 барилдаж, 26 даваад, аймгийн заан болсон түүхтэй.

Нэг хүн 32 барилдах ёстой учраас өмнө нь зургаа унасан гээд аймгийн арслан болох даваа нь хүрээгүй гэдэг. Тэр жил манай нутгийн Дондог гуай гүйлтээр улсын рекорд тогтоосон шүү дээ. Дүвчингийн доод талын эмэгтэй дүү маань сурагч байхдаа тэшүүрийн спортоор улсын аваргаас дөрвөн хүрэл медаль хүртсэн.

Хамгийн бага эмэгтэй дүү маань есдүгээр ангидаа 100, 200 метрт гүйгээд, спортын мастерын болзол хангасныг 55, 56 хүрсэн хойно нь “Дарагдаад үлдчихсэн байжээ” гээд үнэмлэхийг нь авчирч өгсөн гэнэ лээ. Хөгжилтэй юм болно шүү (инээв).

-Сонин юм аа. Ингэхэд та хүний амьдралын зурсан зураг, хувь төөрөг байдаг гэдэгт итгэдэг үү?

-Хүн заяагдсан хувь тавилангаараа л амьдардаг гэдэгт би итгэдэг. Итгэхээс ч аргагүй хэд хэдэн тохиолдол надад тулгарч байв. Гуравдугаар ангиа төгсөөд би сургуулиас гарчихсан юм. Манайх нэгдлийн хоньтой, ах нэгдлийн адуутай, хоёр гэрийнхээ хооронд би морьтой хурдалж явдаг байв. Нэг өдөр Харганат уулын өвөрт Гэндэнжамц гуайн ухаа хонгор унагыг уургалж байгаад, эхэд нь уургаа тас цавчуулаад хугалчихлаа.

Би ч айсандаа уургаа эвлүүлэн боож орхичихоод, малд яваад иртэл аав өнөөхийг чинь анхааралтай үзээд байна шүү. Тэгээд намайг дуудаад “Миний хүү чинь унаа унахгүй хүн юм байна аа” гэснээс өөр юм хэлээгүй. Урьд нь намайг “Миний хүү цох хорхойны толгой алдахгүй уургалдаг хүн болно доо” гэж хүмүүст ярьдаг байсан хүн чинь тэр өдрөөс хойш намайг адуу малд нэг их дагуулж явахаа больж билээ.

“Аав аа, та надад морь мал хатгадаг эрдэм ухаанаа зааж өгөөч” гэхээр “Миний хүү ямар унаа унах биш. Ахад чинь зааж өгсөн нь дээр” гэдэг болсон. Уурганы хугархайгаар миний ирээдүйг шинжсэн аав минь тэр үгэндээ хачин итгэлтэй байсан учраас намар нь намайг дөрөвдүгээр ангид оруулсан даа.

Хархорины долоон жилийн сургууль төгстөл биднээс “Ар гэрийн гачигдалтай 13 хүүхдийг эндхийн гурилын үйлдвэрт ажиллуулна” гэхээр нь би уухайн тас гараа өргөөд, үлдэх юм болов. Аав минь нас барчихсан болохоор ээждээ хань бараа болох санаатай. Гэтэл гурилын үйлдвэр ч биднийг авдаггүй, нэлээд удлаа.

Багш “Та нарыг хаашаа ч хуваарилж магадгүй шүү. Бэлтгэлтэй байгаарай” гэхээр нь модон хайрцаг дотор хэдэн хувцсаа хийчихээд хүлээж байв. Сураг сонсох нь ээ, Баянхонгорын барилгын ТМС-д биднийг явуулах гээд унаа хүлээж байгаа дуулдав. Долдугаар сард манай хэд ч явж, би “Тэр хол юугаа хийж явах вэ. Ээжтэйгээ байна” гээд үлдсэн юм. Тэгсэн есдүгээр сарын эхээр Баянхонгорын барилгын ТМС-ийн багш Иванов гэдэг хүн Архангайгаар дайраад ирж байгаа тул энэ, энэ хүүхдүүд бэлэн бай гэсэн зар ирдэг юм байна.

Тэгэхээр нь би оргоод, Тогоо гэдэг анчин өвгөнтэй хамт хэд хоног уул хадаар хэсэж яваад бас нэг удаа аргалж өнгөрүүллээ. Гэтэл есдүгээр сарын сүүлчээр манайд Баянхонгорын хаягтай хэдэн машин ирсний дотор нутгийн нэг жолооч ах байж. Тэр хүн ээжийг “Чи танагтай байгаа дээрээ хүүгээ хоёрхон жил тэр сургуульд явуулсан нь дээр шүү” гэж ятгаад, бид ч нээрээ тэгсэн нь дээр юм уу гээд шийдсэн дээ.

-Хоёр жилийн дараа ирчихнэ гээд явсан хүү нь тэр чигтээ улсын шигшээ багийн тамирчин болоод явчихсан…

Гэвч та ээжийгээ мөн ч олон удаа баярлуулсан байлгүй.

-Ямар ч байсан ээжийгээ зовоогоогүй болов уу гэж итгэдэг. Дүвчин бид хоёрын дунд нэг хүү байсан юм. Бид гурав өглөө хичээлдээ явахаасаа өмнө ээлжлэн босоод, ээждээ галыг нь түлээд, цай чанаж өгчихөөд гардаг байв. Шигшээ багт орсныхоо дараа жил би наадмаар Хархорин сумандаа очиж, барилдаад түрүүллээ. Гэтэл тэр жил Дүвчин бас нэг даага уяад, өнөөх нь түрүүлчихэж.

Нэг нь морины уяан дээр, нөгөө нь наадмын асарт байсан болохоор мэдсэн ч үгүй. Орой нь гэртээ очтол нутаг усныхан ээжид “Танай хоёр хүүгийн нэг нь бөхийн барилдаанд түрүүлж, нөгөө нь уясан даагаа түрүүлгэлээ” гэж бахдан ярьсан гэсэн. Тэгэхэд ээж минь баярласан байх аа.

Монголчуудаас чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга болоход, олимпоос мөнгөн медаль хүртэхэд баярласан байх л гэж боддог. Дүвчин бид хоёр хоёулаа дэлхийн медальтан болоход ч тэр. Тэглээ гээд ээж минь “Овоо доо, миний хүү. Олонтойгоо яваарай” л гэхээс өөрөөр айхтар магтаж сүйд болоогүй, тийм л хүн.

-Дүвчин гуайг зун олимпоос ирсний дараа та түүнтэй уулзсан уу. Манай чөлөөтийн эмэгтэйчүүд яагаад амжилтгүй барилдсан талаар та хоёрын хооронд ямар яриа өрнөсөн бол гэдгийг л сонирхмоор байна?

-Олимпоос ирснээс нь хойш дүүтэй тухтай уулзаж амжаагүй л явна. Ирснийх нь дараахан “Яасан бэ, миний дүү. Юу болов” гээд утсаар ярихад “Нэг л алдаа гарсан байх даа” гэснээс өөр юу ч хэлээгүй. Угийн дуу цөөнтэй хүн чинь утсаар бол бүр юу ч ярихгүй л дээ.

Зун нойроо хугаслан олимп үзэж байхдаа эрэгтэйчүүдийн барилдаан ойлгомжтой болоод ирэхээр нь эмэгтэйчүүддээ найдлаа. Гэтэл эхлээд Орхон гарч иртэл нүүр нь жигтэйхэн сэлхийчихсэн харагдахаар нь гайхсан. Дараа нь гарч ирсэн Насанбурмаа, Сумъяагийн царай ч тийм байсан. Барилдаан эхлэхээс дөрөв, тав хоногийн өмнө байсан сан бол битүү зузаан хувцастай гүйлгээд хөлс авчихмаар тийм царайтай байна лээ.

-Ах, дүү нараасаа та хоёрыг арай илүү дотно байдаг болов уу гэж бодоод байгаа юм. Спортын хүний туулдаг сайхан, саарыг адилхан мэдэрдэг болохоор ах, дүү хоёрт биенээ ойлгох, дэмжих, урам хайрлах, шүүмжлэх, зөвлөх зүйл их байна биз?

-За даа, бид ч нэгэндээ сүйд болтол урам хайрлаад байдаггүй юм аа. Хоёулаа адилхан хөгшин хүмүүс болохоор “Ай, чи мөн сайн байна шүү” гэж биенээ магтахаасаа өнгөрсөн (инээв). Хааяахан уулзахаараа ярьсан, яриагүй биенийхээ амьдралыг нүднийх нь харцаар ойлгочихно. Тэглээ гээд амьдралд нь оролцоод байхгүй ээ.

Энэ жилийн олимпын тухайд зөвхөн манай дүүд ч биш, нийт тамирчин, дасгалжуулагчид, хажуугаас нь ажиглаж суугаа бидэнд, нийт монголчуудад хүнд байсан нь тодорхой. Тамирчдын тал нь бус, бүгдээрээ шахам амжилтгүй барилдана гэдэг чинь байж боломгүй зүйл. Гэхдээ одоо нэгэнт өнгөрсөн. Харин хэзээ, юунаас болоод алдсаныг хөөж олоод, дахин тийм алдаа гаргахгүйн төлөө холбогдох хүмүүс нь ажиллах хэрэгтэй.

-Шүүгчийн буруугаас болж тамирчин хохирдгийн гашуун түүхийг та мэдэрч, өөрөө ч хэлмэгдэж явсан хүн. 1974 оны ДАШТ-д таныг өрсөлдөгчөө 25 секундэд цэвэр дарчихаад байхад 81 секунд хүртэл шүгэл дуугарахгүй байсан тохиолдол ч бий гэдэг.

Мандахнарангаас эхлээд манай бөхчүүд барилдааны төгсгөлөө муу хийж байгааг зөвхөн шүүгчтэй холбох аргагүй юм шиг ээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Мандахнарангийн барилдааны хувьд шүүлт эргэлзээтэй болсон л доо. Гэхдээ Басхүү, Төмөрбаатар, Сэрээтэр гээд манай гурван шүүгч энэ талаар нэлээд нухацтай ярилцаж, дүгнэлт хийсэн юм билээ. Манай тамирчин дээр ч асуудал байгааг тэд хэлж байсан. Би ч тэгж бодож байгаа. Зургаан минут илүүрхэж барилдчихаад, зургаахан секунд тэсчихсэн бол гэхээс харамсалтай санагддаг.

Өрсөлдөгчийнхөө цээж рүү тулж зогсоод, цааш наашаа түлхэлцэж байтал тэр хэдэн секунд өнгөрчихнө шүү дээ. Тамирчин хүн барилдаан дуусаагүй байхад баярлаж огт болохгүй. Нөгөө бөхөө толгой дээрээ өргөж гаргаад “Би хаях нь” гээд бодонгуут л паг гээд хөл суучихдаг байхгүй юу.

Өөртэй нь адилхан жинтэй хүн тэнд эсэргүүцээд, хариу үйлдэл хийж байдаг учраас наад тамирчин тархиндаа яаран өөр дохио өгч болохгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд анхаарах зүйл бол тамирчин хүн өөрөө сэтгэл зүйн маш сайн бэлтгэлтэй байх нь чухал. Хоёрдугаарт, тамирчнаа зөв удирдан жолоодож, ирлэж хурцлахад багш нарын үүрэг асар их. Үүний дараа шүүгчдэд буруу өгөх ёстой юм.

Бидний үед барилдаандаа шүүгчдийн луйвар оруулаагүй, тийм азтай тамирчин ер нь ховор доо. Ухаандаа хамгийн гайгүй, боловсон луйвар нь дөрвөн тамирчин үлдлээ гэхэд нэгийг нь шууд гурав торгоод тэмцээнээс хасчихаж байгаа юм. Бас өрсөлдөгчөө цэвэр дарчихаад байхад оноог нь өгөхгүй гүрийх тохиолдол бишгүй.

Саяын Мандахнарангийнх шиг, барилдаан дууссан хойно оноо өгдөг явдал ч байсан. Би хоёр ДАШТ, хоёр олимпын наадмын медалиа иймэрхүү аргаар луйвардуулсан хүн шүү дээ. Одоогийнх шиг барилдаан болгоныг бүх нийтээрээ үзэх, булхайцвал эсэргүүцэх боломж тэр үед байсангүй.

Гомдлын бичиг өгөөд, хүлээж авахгүй. Тиймээс “Дараа таарахаараа чамайг ёстой болгож тавина аа” гээд гараа зангидаад, хоёр гуяа цохихоос өөр гийгүүлэх юм бидэнд байгаагүй. Ирээд дарга нарт дэмий л баахан тайлбарлана. Тэгэхээр тамирчин хүн “Шүүгчид тэртээ тэргүй луйвардана. Тэгүүлэхгүйн тулд яаж барилдах вэ” гэдгээ сайн бодож гарах ёстой юм. Багш дасгалжуулагч нар ч тамирчнаа үүнд бэлтгэх хэрэгтэй.

-Манайханд сэтгэл зүйн бэлтгэл их дутагдаж байна гэж шүүмжилдэг. Та нар сэтгэл зүйн бэлтгэлээ хэрхэн хангадаг байв?

-Сайн сэтгэлзүйчтэй болчихвол тамирчдын сэтгэл сэргэчих юм шиг яриад байгаа. Би үүнийг өрөөсгөл гэж боддог. Дэвжээн дээр гарч барилдаж үзээгүй нэг хүнээр ятгуулж ховсдуулаад, үгэнд нь орно гэж юу байх вэ. Миний бодлоор тамирчин хүн өөрөө сэтгэл зүйгээ хянах ёстой. “Би тэр бөхөөс ийм юмаараа илүү. Тэр надаас үүгээрээ илүү ч арганд нь орохгүй юм шүү” гэдгээ мэдэж байх хэрэгтэй.

Тамирчин хүн тэмцээн дээр өөрийнхөө чаддаг юмаар хүний чадахгүй зүйлтэй тулах ёстой. Харин бэлтгэл дээр бол өөрийнхөө чадахгүй зүйлээр бусдын чаддаг юмтай тулж, туршлага судлах ёстой гэдгийг би байнга хэлдэг.

Хоёрдугаарт, манайхан өөрийн гэсэн мэхээ маш сайн хийж сурах учиртай юм. Жишээ нь, дүүгүүр Гомбосүрэн гуайг хажуугаас нь “Одоо дүүгүүрдлээ, дүүгүүрдлээ” гээд хашгирангуут ямар ч хүнийг дүүгүүрдээд шидчихдэг байлаа.

Өмсдөг Дамдиндорж гуай гэхэд л “Шшшшүүүү, өмслөө” гэнгүүт том, жижиг, өндөр, нам хамаагүй, хэнийг ч өмсөх мэхээрээ хаячихна. Энэ бол сэтгэл зүйн бэлтгэл юм. Сэтгэл зүйн бэлтгэл гэдэг бол суурийг нь зөв тавьж өгсөн, зөв хийгдсэн юман дээр өдөөгддөг юм байна гэж би боддог.

-Ойдов мэхийг одоо хүртэл хүмүүс олигтой хийж чадахгүй байна гэдэг. Яагаад тэр юм бол. Та залууст мэхээ зааж өгдөг биз дээ?

-Ойдов мэхийг залуус дутуу хийгээд байх шиг анзаарагддаг. Зөв, гүйцэд хийвэл босоогоос шууд цэвэр дарах хамгийн боломжтой л доо. Гэвч тамирчин, багш болгон өөр өөр арга барилтай байдаг юм билээ. Харахад нэг мэх хийгээд байгаа юм шиг хэрнээ арга барил нь өөр байдаг. Дүвчиндээ би олон мэх зааж өгсөн. Барилдаж байхад нь харахаар миний зааж өгсөн мэхээр хүн унагаад байх шиг.

Сүүлд багш болсных нь дараа харахад шавь нартаа зааж байгаа арга барил нь минийхээс өөр байсан. Гэтэл хүүхдүүд нь тэр мэхээр хүн унагаад байдаг. Намайг дасгалжуулагч байхад ч хүүхдүүд миний заасан мэхийг арай өөрөөр хийдэг байв. Нас явж байгаа ч хэдэн хүүхдэд гайгүй сайхан мэх зөв заагаад өгчих юмсан гэдэг бодол минь хэвээрээ. Гэвч байр савнаас эхлээд, цаг зав ч болохгүй юм.

-Олимп, дэлхийн дэвжээнд ид мандаж явахдаа өрсөлдөгчдөө аргагүй бяр тэнхээ, хурд ч юм уу дутагдаад ялагдсан тохиолдол танд бий юү?

-Яах аргагүй дийлдэх тохиолдол байдаг юм. Ухаандаа миний нас явчихсан, зодог тайлах дөхсөн байхад өрсөлдөгч маань цэл залуухан бөх байвал ялагдах магадлалтай. Залуу хүн тэсвэр, хурд сайтай байдаг учраас тэр. 1974 оны Азийн тоглолтод би Японы залуу бөхөд ингэж нэг ялагдаж байв. Сүүлд би нэлээд харьчихсан, бэлтгэл тааруу байхдаа ЗХУ-ын залуу бөхөд ялагдсан. Хоёулаа л сайн бөхчүүд. Нэг нь Азийн, нөгөө нь дэлхийн аварга.

-Манайхны ярьдаг шиг “Тэр өдрийн тэнгэр мэднэ” гэдэг ойлголт супер тамирчдын хувьд хэзээ ч байдаггүй. Өндөр хэмжээнд бэлтгэгдсэн тамирчид бол ямар ч өдөр, ямар ч нөхцөлд бэлэн байдаг гэдэг. Таны хувьд яах аргагүй ялагдсан хоёр удаагийн тохиолдол байсан гэхээр та Монголын супер тамирчин мөн болж таарах нь. Та үүнийгээ хүлээн зөвшөөрнө биз?

-Өндөр техник, өндөр ур чадвартай, маш сайн бэлтгэлтэй тамирчин хүн барагтай юманд ялагдахгүй шүү. Хорвоогийн жамаар хэзээ нэгэн цагт харин ялагдаж болно л доо. Миний болон надаас дээш, доош үеийнхнийг яагаад алтан үеийнхэн гэж нэрлэдгийг бодоход л бид гайгүй сайн тамирчид байсан гэдэг нь харагдах байх. Чи надаас намайг онцолж асууж байгаа учраас би энд өөрийгөө ярих болж байна.

Миний хувьд олон улсын тэмцээнд гурван жилийн турш барилдахдаа ДАШТ-д хоёр оноо л алдсан болохоор өөрийгөө гайгүй тамирчин гэж хэлж болох байх аа. Жилд олон улсын 7-8 тэмцээн болдог. Нэг тэмцээнд дор хаяж 6-8 барилдаан хийнэ гээд бодохоор 49 барилдахад нэг ч оноо алдаагүй гэсэн үг. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээнд би 30 түрүүлж, найман удаа үзүүрлэж, гурван удаа гуравт орсон байдаг юм.

… Ямар ч байсан ээжийгээ зовоогоогүй болов уу гэж итгэдэг. Дүвчин бид хоёрын дунд нэг хүү байсан юм. Бид гурав өглөө хичээлдээ явахаасаа өмнө ээлжлэн босоод, ээждээ галыг нь түлээд, цай чанаж өгчихөөд гардаг байв. Шигшээ багт орсныхоо дараа жил би наадмаар Хархорин сумандаа очиж, барилдаад түрүүллээ. Гэтэл тэр жил Дүвчин бас нэг даага уяад, өнөөх нь түрүүлчихэж. Нэг нь морины уяан дээр, нөгөө нь наадмын асарт байсан болохоор мэдсэн ч үгүй. Орой нь гэртээ очтол нутаг усныхан ээжид “Танай хоёр хүүгийн нэг нь бөхийн барилдаанд түрүүлж, нөгөө нь уясан даагаа түрүүлгэлээ” гэж бахдан ярьсан гэсэн. Тэгэхэд ээж минь баярласан байх аа. Монголчуудаас чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга болоход, олимпоос мөнгөн медаль хүртэхэд баярласан байх л гэж боддог. Дүвчин бид хоёр хоёулаа дэлхийн медальтан болоход ч тэр. Тэглээ гээд ээж минь “Овоо доо, миний хүү. Олонтойгоо яваарай” л гэхээс өөрөөр айхтар магтаж сүйд болоогүй, тийм л хүн …

-Дэлхийн аварга болох, олимпын медаль хүртэхийн үнэ цэнийг монголчууд хэр ойлгодог, мэддэг байсан бол. Анги хамт олон, нутгийн зөвлөлийнхөн тань хүлээж авдаг байв уу?

-Олимпын наадмын талаар бол ард түмэн ер нь мэддэг байсан л даа. “Спортын мэдээ” гэдэг сонин ч гардаг байв. Гэхдээ биеийн тамир, спортоос хол хүмүүс тэр бүр мэдээлэл олж авч чадахгүй ээ. Мэдээж ойр дотнын найз нөхөд, хамаатан садан, манай тамирчид, Биеийн тамир, спортын хорооныхон онгоцны буудал дээр тосож, гар дээрээ өргөөд явах бол байлгүй яах вэ.

Нэгдлийн малтай хөдөөгийнхөн борви бохисхийхгүй ажилтай учраас радиогоор цаг агаарын мэдээгээ л сонсоно уу гэхээс маньд анхаарал тавихтай манатай. Тиймээс олимп, дэлхийн аваргаас медаль аваад ирэхэд одоогийнх шиг анги хамт олон, нийтийг хамарсан айхтар сүртэй хүлээн авалт энэ тэр болдоггүй байлаа. Дараа нь нутагтаа очиход зарим найз нөхөр “Гэр орондоо аваачна” гээд сүйд болох нь байна.

-Таны өгсөн ярилцлагуудаас харахад Хойлогдорж гуайн тухай дурсамж яриа их байдаг. Танай үеийнхэн хэр ойрхон уулзалддаг вэ?

-Манай багийн хамт олон үе үе уулзана шүү. Утсаар бас их ярина аа. Дамдиншарав багш, Нацагдорж гуай, Сэрээтэр гуай, Дүвчин нартайгаа тэмцээн, бэлтгэл дээр хаа нэг тааралдчихна. Бидний урдын урд үеийнхэн гэж Эрдэнэ-Очир гуай, том Санжаа гуай, Хашбат багш гэх мэт хүмүүс байсан. Тэднийг залгаад гарч ирсэн бөхчүүдээс бидний үед ороод, хамт барилдаж байсан нь ч бий.

Тухайлбал, Баянмөнх аварга гэхэд гурван үе дамнан барилдсан агуу хүн байна. Мөнхбат аварга, Мягмар гуай маань байна. Эхэн үедээ бидэнд зааж зааварлах, сургууль соёл төгссөн багш, дасгалжуулагч гэж байгаагүй тул үндэсний бөхийнхөн нэг нэгэндээ үлгэрлэн сургаж, биенээ ирлэн хурцалж байлаа. Баг хамт олны сэтгэл зүй, хамт олонч чанар спортын амжилтад маш чухал.

Багануур орохоороо би Хойлогдоржтойгоо заавал уулзана. Багануурт манай Энхтайван бас байгаа. Гачууртад Баянмөнх гуай, Ганбат хоёр маань байна. Нэгнээ мөрөөдсөн хэдэн хөгшчүүл хааяа уулзахаараа эхлээд залуу цагийн сайхан дурсамж, дуртгалаа ярилцаж, хөөрнө. Жаахан байж байгаад “Ойрд миний энд тэнд өвдөөд байгаа” гэхчлэн өвчин яриад эхэлнэ ээ (инээв).

-Олны нүдийг хужирласан сайхан залуус явсан байх даа. Хүний залуу нас гэдэг сайхан. Тэр тусмаа алдар хүндийн оргилд гарсан, амжилттай яваа залуу хүн бүр ч сайхан. Гэвч энэ ачааг дааж явна гэдэг илүү хариуцлага нэхдэг байх. Та залуудаа омогшиж, онгирч, сагсуурч байв уу?

-Энэ нэр хүндийг дааж явах л хамгийн чухал. Амжилтандаа онгирч, сагсуурмаар үе надад байсан. Гэвч би тэгээгүй. Учир нь барилддаг нагац өвгөн ах маань лам хүн байсан. Тэр хүн намайг дэлхийгээс алтан медаль аваад ирэхэд “За хүү минь, залуу бяртай явахад сайхан л байдаг юм. Аархаж, бяралхаж яваад хүний уур, дургүйцлийг хүргэж болохгүй шүү.

Энэ орчлон ертөнц чинь асар уудам. Хаа нэгэн газарт чамаас бяртай хүн байж л байгаа” гэж захиж билээ. Өвөг дээдсийнхээ тэр үгийг байнга санаж явсан даа. “Бөх хүн хэрүүл тэмцэл хийж болохгүй, ялангуяа хүн рүү гар далайж бүр болохгүй” гээд бидний дээд үеийн бөхчүүд ч их захидаг байсан.

-Та ер нь амьдралдаа хүн рүү гар далайж үзсэн үү?

-Нэг удаа гар далайж үзсэн юм аа. Баянхонгорын Барилгын ТМС-д байхад Лувсанцэрэн гээд найз маань ус сувгийнхан, геологийнхонтой байн байн маргалдаад, зодолдоод болдоггүй. “Чи яах гэж ингэж байдаг юм бэ. Хүнтэй адилхан бяр тэнхээгүй юм байж, шөнө орой явж байгаад цохиулчихвал яана” гэтэл зөрөөд үгэнд орохгүй байхаар нь нэг цохисон чинь гар дагаад уначихдаг юм байна.

Миний бодоход цохисон талын эсрэг унах ёстой баймаар, гэтэл гар дагаад ойчоод ирдэг байгаа. Тэгэхэд л би “За, би ер нь хүн цохиж зодно гэж байхгүй юм байна. Шившиг болох юм биш үү” гэж бодож билээ (инээв).

-Тэгвэл та өөрөө хүнд зодуулж үзсэн үү?

-Үзээгүй гэдэггүй юм гэнэ лээ. Гэвч үзээгүй нь үнэн юм хойно яах вэ. Бас л тэр ТМС-д байхад атаман ах нарт зодуулах дээрээ тултал “Хаанахынх вэ” гэхээр нь аймаг, сумаа хэлтэл нэг нь тэндээс “Наадах чинь манай нутгийн хүүхэд байна. Боль боль” гэснээр аврагдсан даа.

-Та багадаа ямар нэг хочтой байсан уу?

-Багад аав маань намайг “Царцаахайны тал далавч” гэж өхөөрдөн дууддаг байсан. Ядаж хоёр ч биш, тал далавч гэснийг бодоход бие жижигтэй болохоор л тэгдэг байсан юм болов уу (инээв). Ямар сайндаа л би багадаа морь уургалах дуртай, сайн ч уургалдаг байсан хэрнээ бяр тэнхээ муутай болохоор уургаа алдчихаад, араас нь бөөн юм болдог байж билээ.

1977 онд Софид зохиогдсон “Универсиад-77” наадамд ах, дүү хоёр хоёулаа амжилттай оролцож, З.Ойдов гуай 68 кг-д, З.Дүвчин гуай 82 кгд алтан медаль хүртэж байж. 28аас дотогш насны залуусын олимп гэгддэг “Универсиад” наадамд амжилттай оролцсон залуусаа шагнуулахаар багш нь МХЗЭ-ийн төв хорооны нарийн бичгийн дарга Л.Түдэв гуай дээр ороход “Шагнаад байх шаардлагагүй. Залууст баярлалаа гэж хэлээрэй” гээд гаргасан гэдэг.

Түүнээс 35 жилийн дараа энэхүү наадамд Баяраагийн Наранбаатарыг түрүүлэхэд төр засаг, түмэн олон бөөн баяр болж байв. Их спорт гэдэг улс орны нэр нүүрийг дэлхий дахинд сурталчилдаг, энх тайван, эв нэгдлийн томоохон бэлэг тэмдэг гэдгийг бүрэн утгаар нь ойлгож, хүлээж авдаггүй нийгэмд амьдарч байсандаа З.Ойдов гуай огт харамсдаггүй гэнэ лээ.