Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Джанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжлөл, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Савиных Виктор Петровичид Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, мөн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Бабушкин Владимир Алексеевичид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” тус тус олгосныг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар гардуулан өглөө.

Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан дэлхийн сансар судлалын түүхэнд нэрээ мөнхлөн, Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан их үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч, генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Владимир Александрович Джанибеков нарыг Хүндэт иргэнээр өргөмжлөх тухай дээрх тогтоол өнгөрсөн оны 03 дугаар сарын 11-нд гарсан юм. Гэвч коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сансрын нисгэгч В.А. Джанибеков 40 жилийн ойн арга хэмжээнд оролцож чадаагүй бөгөөд өнөөдөр ийн өөрийн биеэр Монгол Улсад хүрэлцэн ирж, хүндэт иргэний өргөмжлөл, цол тэмдгээ хүлээн авч байна.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1981 оны 05 сарын 04-ний өдрийн 97 дугаар тогтоолоор В.А.Джанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр батламжилсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд дахин батламжлан гардуулсан нь энэ юм.

Энэ үеэр ЗХУ-ын ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Джанибеков “…Би энэ шагналыг Монголын ард түмэн Оросын ард түмэнд ханддаг сэтгэлийн илэрхийлэл гэж үзэж байна. 41 жилийн өмнө үйлдсэн ЗХУ, Монгол Улсын хамтарсан сансрын нислэг нь Монгол Оросын харилцааг сансрын өндөр түвшинд гаргасан үйл явдал юм. Бидний хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Би Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын амьдралд маш их өөрчлөлт гарсныг харлаа. Монголын ард түмэнд өндөр амжилт хүсэн ерөөе…” гэлээ.  
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ