Монгол Улсын нийт хүн амын 50 хувийг УИХ-ын 76 гишүүний дотор 28-хан хүн төлөөлж байна.

Хотын тухай яриа ямагт нийтийн сайн сайхныг мөрөөдсөн, цөөнх нь ашиглан хонжих, олонх нь хохирон үймэлдэхийн эсрэг байдгаараа шударга л даа. Хот ийм байх ёстой, тийм ч байх ёстой атал Улаанбаатар…. Бид хотынхоо тухай ярих их дуртай. Монгол Улсын болж бүтэхгүй байгааг нотолсон шүүмжлэлийн талаас илүү нь Улаанбаатарын сэдэвтэй. Арга ч үгүй, энд монголчуудын тэн хагас нь бөөгнөж олуул суурьшсан “диваажин” юм. Үнэхээр диваажин шиг юм уу гэвэл жорлон нь өмхий самхайгаа нялзаан хаа сайгүй урсаж, амьдран суугчид нь өөрсдийн ялгаруулж буй бохирдлоороо амьсгалж, хооллодог газар. Хот өнгөрсөн 30 жилийн нүүдэл, хөгжлийн өөрчлөлтөд ачааллаа дийлэхгүй туйлдаж байна. Энд тартагтаа тулсан арчаагүй, үгээгүй ядуу хүмүүс л амь хоргодохоор үүрлэчихсэн юм уу гэвэл тиймгүй. Улаанбаатар хот Монгол Улсын ДНБ-ий 70 орчим хувийг дангаараа бий болгодог эдийн засгийн хамгийн том төв.   

Улаанбаатар өөдрөг тэмүүлэл, шинэ санаа, эдийн засгийн нөөц боломжоор дүүрэн нийслэл хотынхоо хувьд үүрч байгаа ачаагаа өөрийнхөө онцлог байдалд хөшүүрэглэн даацаа нэмэгдүүлэх бүрэн чадвартай. Үүнийг одоогийн Үндсэн хууль боомилж, хөгжих боломжгүй, ёстой л нөгөө шинэхэн Ерөнхий сайдын өөрийгөө зүхэж байсан шиг “шүдгүй арслан” болгочихоод байгаа нь туйлын үнэн бөгөөд шударга бус билээ. Бүх орлогоо Засгийн газарт хураалгаж улсын төсвийг бүрдүүлж буй өнөөгийн хуулиар Улаанбаатар хөгжсөнгүй. Яагаад гэвэл Засгийн газар Улаанбаатарыг хөгжүүлэх үүрэг хүлээдэггүй. Ингэж Улаанбаатар Засгийн газрын гуйлгачин болсон түүхтэй. Одоо ид өрнөж буй Үндсэн хуулийн шинэчлэлд хотын тухай шударга шүүмжүүд бодит тусгалыг олох нь өнгөрсөн 30 жилийн ахуй амьдралаас урган гарсан зүй ёсны шаардлага болж байна. 

Манай хотыг гоё сайхнаар маруухан болгодог бүхий л бүтэлгүйтлийг шинжлэн тогтоожээ. Нийслэл Улаанбаатар хот шиг хот болон хөгжихийн тулд Үндсэн хуульд статусыг нь тов тодорхой хуульчлах ёстой гэсэн дүгнэлтэд судлаачид хүрсэн байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах аяны эхэнд улаанбаатарчуудын хамгийн их хүлээсэн зүйл бол нийслэл хотыг санхүүгийн болон захиргааны эрх мэдэлтэй болгон хуульчлах явдал байв. Гэвч дүүргийн Засаг даргыг сумынхтай ижилсүүлэн олон нийтээс шууд сонгогдох заалт санал болгосноор бүх хүлээлт хумигдаж орхилоо. Дүүргийн дарга нар иргэдээс сонгогдъё гэж бодъё. Тэд тогтворгүй улс төрийн салхинд хийсчих гээд Төрийн ордны хана түших шахам ганхаж явдаг Ерөнхий сайдын ширээн дээрээс гарын үсгээр томилогддог өнөө муу хотын даргын дэргэд Бага хаан билээ. Эрх мэдэл хийгээд санхүүгийн хуваарилалт Улаанбаатарт ингэж утгаа алдах нөхцөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд ийн бүрджээ. Дүүргийн Засаг даргыг гэхээсээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэмээх энэ албан тушаалаа амьтай, эрх мэдэлтэй, хариуцлагатай болгох үүднээс олон нийтээс сонгодог болгох нь нийслэлийн эрх зүйн байдлын тулгамдсан асуудлыг зохицуулахад илүү зохистой өөрчлөлт болох юм. 

Парламент дахь нийслэлийн хүн амын төлөөллийг хэрхэн тогтоож ирсэн нь ч мөн Үндсэн хуулиараа нэгмөр эргэж харах шинэтгэлд томоохон байр суурь эзлэх ёстой. Улаанбаатар хотод амьдран суугаа 1.5 сая иргэн буюу Монгол Улсын нийт хүн амын 50 хувийг УИХ-ын 76 гишүүний дотор 28-хан хүн төлөөлж байна. Энэ нь УИХ-ыг хүн амын биш газар нутгийн төлөөлөл болгосноос үүдэлтэй хуваарилалт. Олон улсын жишигт парламент бол хүн амын төлөөлөл болохоос манайх шиг аймгийнхаа тоонд хувааж тэгшитгэдэг муйхар зарчим огтоос биш. Бүр суваргын ч юм уу, эрхиний бөөрийн тоогоор бэлгэдэн зүйрлэх ч эд биш. Одоо байгаа 76 гишүүний тоог хэвээр хадгалахад буруутах зүйлгүй ч 1.5 сая иргэнтэй нийслэлийн төлөөлөл нь 38, үлдсэн 1.5 сая хүн суудаг орон нутгийг мөн 38 гишүүн УИХ-д төлөөлөх нь зөв харьцаа болно. Ингэснээр иргэдийн хууль тогтоох үйл явц дахь оролцоог УИХ-д ижил тэгш төлөөллөөр нь дамжуулан хангах, нөгөөтэйгүүр сонгуулиас сонгуулийн хооронд эрх баригч намын буюу, цөөн тооны улстөрчдийн ашиг сонирхлоор сонгуулийн тойрог болон мандатыг өөрчилдөг байдлыг халах сайн талтай. Тиймээс парламент дахь хүн амын төлөөллийн тэгш байдлыг Үндсэн хуулиараа хамгаалах алхмыг энэ удаа бүү орхигдуулаасай.

Эх сурвалж: http://www.ub.life