Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг  Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ.  Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудыг шинэчлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Цаашид улсын байгууллагын 20 байршлын 64 зуухыг шинэчлэхэд 12.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай. Түлшний чанараас шалтгаалан автомашинаас ялгарах утаа нь агаарын бохирдолд нөлөөтэй байгаа учир хүхрийн агууламж багатай Евро-5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлнэ гэлээ.  Харин хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хог хаягдал ангилан ялгах, багцлах үйлдвэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдлыг бутлах үйлдвэрийг энэ  оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулна гэв. Ингэснээр 2026 онд нийт хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулж, 20.4 хувийг сэргээн ашиглаж эрчим хүч гаргаж, дарж булах хогны хэмжээг 51.4 хувиар бууруулах нөхцөл бүрдэх аж. Орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд дэд бүтцийн эх үүсвэр хүртээмжгүй, цахилгаан хангамжийн хүчин чадал хэтэрсэн байдалтай байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, 2024 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвд түшиглэн 7 буудал орчмын ачааллыг 30 хувиар, Жанцангийн уулзварын ачааллыг 50 хувиар тус тус бууруулна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн жишиг төсөл “Дэд бүтцийн төв”-ийн хүрээнд 201 айл өрхийн янданг буулгаж, авто замын тохижилтын ажлыг шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжүүлж буй “Бичил дэд төв” төслийн хүрээнд 206 айл өрхийн янданг буулгаж, 988 тонн нүүрсний хэрэглээг хална. Энэхүү ажлын цэвэр, бохирын шугамын барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл удаашралтай байна гэлээ.

Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө

Мөн түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар танилцууллаа.

2024 онд шинээр 41.7км авто зам, 843 у/м гүүр, өргөтгөн шинэчлэх 19.5км авто замыг ашиглалтад оруулна. Мөн замын хяналтын камерын нэгдсэн ухаалаг систем нэвтрүүлж, 4 байршилд төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барина. Одоогоор 5 шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцын ажил 68 хувьтай үргэлжилж байна. Геологийн төв лаборатори, Гермес худалдааны төвийн ойролцоох нүхэн гарцын барилга угсралтын ажлыг 04 сарын 20-ны өдөрт багтаан эхлүүлнэ гэж Засаг даргын орлогч О.Номинчимэг хэллээ. Иргэдийн автомашины хэрэглээг бууруулах, дугуйгаар зорчих хэвшлийг дэмжих зорилгоор хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөж, цаашид 5 дүүргийн 42 байршлын 3.26 га газрыг нийтийн эдэлбэрт авч явган зам, тохижилт, авто зогсоол хийх аж. 

2020-2024 онд нийт 1102 нийтийн тээврээр  парк шинэчлэлт хийсэн. Парк шинэчлэлттэй уялдуулан засвар үйлчилгээ хийх 150 автобусны багтаамжтай гадна зогсоол, 220 автобусны багтаамжтай дулаан зогсоолын барилгыг Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Мөн 27 сургууль, 48 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2024 онд ашиглалтад оруулна. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн  хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Дэд төвүүдийг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг 22 хувиар, автозамын түгжрэлийг 36,3 хувиар бууруулахаар тооцоолсон. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 2024 онд 2650 айлын орон сууцыг ашиглалтад оруулна гэв.

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ