Банкны салбарын шинэчлэлтэй холбоотой асуудлаар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй ярилцлаа.


-УИХ-аас 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар банкууд ХК  хэлбэртэй байх зохицуулалттай болсон. Нөгөө талаас Төв банкны хувьд банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээндээ хэд хэдэн шинэ зорилт дэвшүүлсний нэг нь банкны салбарын IPO. Тэгэхээр банкны IPO, том утгаараа банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт нь Төв банкнаас хэрэгжүүлж буй банкны шинэтгэлийн хөтөлбөрийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон. Та бүхний мэдэж байгаачлан энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр банкуудын “компанийн хэлбэр”-ийг зөвхөн ХК хэлбэртэй байхаар  хуульчилсан. Тодруулбал ”Банкны системд нөлөө бүхий” банкийг “нээлттэй” хувьцаат компанийн хэлбэртэй байхыг хуулиар үүрэгжүүлж, бусад банкны хувьд “нээлттэй” болон “хаалттай” ХК хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах сонголтыг үлдээсэн байгаа. Энэхүү компанийн хэлбэр өөрчлөх үйл ажиллагаатай холбогдуулан Монголбанкнаас олон улсын жишигт нийцсэн аргачлалын дагуу жил бүр системд нөлөө бүхий банкуудыг тогтоож олон нийтэд нээлттэй мэдээлж ирсэн.

Одоогийн байдлаар 5 банк системийн нөлөө бүхий банкаар тогтоогдож байгаагаас 3 банк нээлттэй ХК хэлбэрт шилжиж, үлдсэн 2 банк үнэт цаас гаргах зөвшөөрлийн хүсэлтээ Монголбанканд ирүүлсэн. Харин бусад банкны хувьд хуулиар олгогдсон сонголтын дагуу “нээлттэй” болон “хаалттай” ХК хэлбэрт шилжих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Хууль анх 2021 онд батлагдахдаа системд нөлөө бүхий банкууд 2022 оны зургаадугаар сарын 30-ны дотор олон нийтэд нээлттэй ХК хэлбэрт шилжих ёстой байсан ч цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлын улмаас банкны систем, хөрөнгийн зах зээлд үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан банкуудыг хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулагдах хугацааг 1 жилээр буюу 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Тус хугацааг сунгасантай холбогдуулан гадаад, дотоодын оролцогч талуудыг бодит мэдээллээр хангах зорилгоор Монголбанкны санаачилгаар банкуудын активын чанар, эрсдэлийн сан болон өөрийн хөрөнгийн хүрэлцээг үнэлэх Активын чанарын хараат бус, хөндлөнгийн үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар гүйцэтгүүлсэн.

Энэхүү активын чанарын үнэлгээний үр дүнг бид олон нийтэд нээлттэй мэдээлсэн бөгөөд энэ нь банк хувьцаагаа олон нийтэд санал болгон гаргах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Тодруулбал, Активын чанарын хараат бус үнэлгээг 2022 оны 06-08 дугаар сарын хугацаанд гүйцэтгэж, системд нөлөө бүхий 5 банкны нийт зээлийн багцын 70 орчим хувийг хамруулсан. Өмнө банкуудад хөндлөнгийн Активын чанарын үнэлгээг 2017 онд анх удаа хийж байсан бол ийнхүү 5 жилийн дараа банкны системд нөлөө бүхий банкуудад дахин хийсэн. Монголбанк энэ төрлийн хөндлөнгийн үнэлгээг 5 жил тутамд хийж, үр дүнг мэдээлэх үйл ажиллагааг цаашид жишиг болгон хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй  хяналт шалгалтын зохицуулалтын талаар товчхон дурдахад, бид олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилд шилжих арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд Базелын цуврал стандартыг дотоодын банкны системийн онцлогт нийцүүлэн хэсэгчлэн нэвтрүүлж ирсэн бөгөөд цаашид Монголбанкнаас олон улсын сайн туршлагад үндэслэн Базел стандартын бүлэг 2-т тусгагдсан Хяналт шалгалтын үнэлгээний аргачлал (SREP)-ыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан шат дараатайгаар нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Хяналт шалгалтын үнэлгээний аргачлал (SREP) нь банкуудад учирч болзошгүй материаллаг түвшний эрсдэлүүдээс сэргийлэх хангалттай хэмжээний өөрийн хөрөнгө, хөрвөх чадвартай байх шаардлагыг нэмэгдүүлж, зохистой засаглал болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахыг зорьдог.

Өнгөрсөн жилийн хугацаанд Монголбанкнаас банкны эрсдэл даах чадвартай холбоотойгоор эрсдэл даах чадварыг хамгаалах зориулалт бүхий нөөц интервалийг бүрэн нэвтрүүлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод шаардлагыг нэмэгдүүлэх зохицуулалтын хэрэгжилтийг хангуулж ажилласан. Түүнчлэн банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны тогтворжуулах санг бүрдүүлэх, банкнаас тогтворжуулалтын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх харилцааг зохицуулсан журмуудыг тус тус батлуулан хэрэгжүүлж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд шинэтгэлийн хөтөлбөрийн агуулга бүхэлдээ хяналт шалгалтын зохистой бодлого, стратеги юм. Цаашид банкны үйл ажиллагааны чиглэл, бизнесийн загвар зэргээр төрөлжсөн банкны талаар хяналт шалгалтын хүрээнд баримтлах бодлогыг боловсруулах, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр гүнзгийрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр таны асуусан асуултад хариулахад Төв банкнаас хэрэгжүүлж буй “Банкны шинэтгэлийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэж болно.

-Өнгөрсөн IPO-с харахад банкны хувьцаа худалдан авч байгаа зарим хөрөнгө оруулагчид богино хугацаанд ашиг хийгээд гарах сэдэлтэй байгаа нь нийтэд ажиглагдсан. Харин урт хугацаанд банкны хувьцаа эзэмшигч болох зорилготой зарим хөрөнгө оруулагч нарт тухайн банкны засаглал чухал үзүүлэлтийн нэг гэж бодож байна. Тэгэхээр Төв банк банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт, зохицуулалт хэрэгжүүлдэг субьектийн хувьд банкуудын засаглалд тавьдаг хяналт, зохицуулалтын талаар та мэдээлэл өгөөч?

-Тантай санал нэг байна. Хөрөнгө оруулагч бүрийн эцсийн зорилго нь ашиг олох байдаг. Зарим хүмүүс богино хугацаанд өндөр эрсдэлтэйгээр их ашиг олохыг хүсдэг бол зарим нь эрсдэл багатайгаар тогтмол ашиг олохыг хүссэн хүмүүс байдаг. Хөрөнгө оруулагчдын зүгээс тайлан, шинжилгээнд тулгуурлаагүй дүгнэлт хийх, хөрөнгө оруулалтын хүлээлтийг зөв тодорхойлоогүй, санхүүгийн боловсрол дутмаг байгаа гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж богино хугацаанд эрсдэлтэйгээр өндөр ашиг олох сонирхолтой хүмүүс их байх шиг байна. Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө түүхэн үе шатанд явж байна. Энэ цаг үед банк хувьцаат компани хэлбэрт шилжиж байгаан энэхүү хөгжлийн бас нэгэн тулгуур юм.

Компанийн тухай хуулиар компанийн засаглалын нийтлэг нөхцөл, шаардлагыг тогтоодог бол Банкны тухай хуулиар аливаа банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагад банкны салбарын онцлогт тааруулсан нөхцөл шаардлагыг үүрэгжүүлдэгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, банкны  салбарыг мэргэжлийн хүмүүс удирддаг гэж ойлгож болно. Төв банк анх 2006 онд “Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан байдаг. Үүнээс хойш Банкны тухай хууль болон Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор  уг журамд холбогдох шаардлагатай зохицуулалтыг оруулснаас гадна хуулийн болон журмын хэрэгжилтэд анхаарал хандуулж 2010, 2014, 2022 онд 3 удаа өөрчлөн найруулсан бөгөөд одоогоор Монголбанкны зүгээс хяналт шалгалтынхаа хүрээнд банкуудын засаглалд жил бүр үнэлгээ өгч байна.

Хувьцаат компани хэлбэртэй банкны хяналт шалгалт, зохицуулалтыг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэхдээ Монголбанкнаас банкны өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, тогтвортой байдлыг нь ханган ажиллах бол Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн банкны харилцагч болон бусад оролцогч талын эрх ашгийг хамгаалах зорилго бүхий зохицуулалт гэсэн чиг үүрэгтэйгээр зохицуулах үүрэгтэй. Хөрөнгө оруулагч нарын хувьд тайлбарлаж хэлэхэд Монголбанк “prudential regulator” буюу зохистой үйл ажиллагааны зохицуулалт, Санхүүгийн зохицуулах хороо “market conduct regulator” буюу зах зээлийн үйл ажиллагааны  зохицуулалтыг хэрэгжүүлнэ гэсэн үг.

Та тун чухал асуудлын хөндлөө, асуултын хариултад зөвхөн “компанийн зохистой засаглал”-ын хувьд зохицуулагч байгууллагууд хэрхэн хяналт шалгалтыг хийх вэ? гэвэл: аль болох хяналт шалгалтыг давхардуулж, өөр өөр оноо, үнэлгээ өгөлгүйгээр банкны салбарын хяналтыг зохистой удирдах шаардлага тулгарч байгаа. Яг одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ буюу /OECD/-ын  гаргасан компанийн засаглалын зарчимд суурилсан “Компанийн засаглалын кодекс”-ийг 2022 онд батлан, нээлттэй хувьцаат компаниудад мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаад эхлээд байна.

Монголбанк Солонгосын Төв банкны хамтын ажиллагааны хүрээнд манай мэргэжилтнүүд Солонгосын их сургуулиудын профессоруудтай хамтран “Компанийн засаглалыг сайжруулах” чиглэлээр өөрийн орны зохицуулалтыг бусад улсынхтай харьцуулсан олон улсын судалгааг хийж гүйцэтгэсэн. Ерөнхийдөө бол зохицуулагч байгууллагууд аль аль нь компанийн засаглалын асуудалд тэргүүн ач холбогдол өгч эхэлсэн бөгөөд Монголбанкнаас “Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн хяналт шалгалтын журам”-ыг Базелийн зарчим болон “Компанийн засаглалын кодекс”-той нийцүүлэн шинэчлэн найруулах ажил хийгдэж байна. Монголбанкны зүгээс хувьцаа эзэмшигчид, олон нийтийг мэдээллээр бүрэн хангаж эрх ашгийг нь хамгаалах зорилгоор тухайн банкны засаглал, удирдлагын талаарх бүхий л шаардлагатай мэдээллийг нийтэд ил тод байлгах зарчмыг баримталж байгаа.

-Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эцэс гэхэд бүх банк хувьцааны төвлөрлөө бууруулах үүрэг хүлээсэн байгаа. Энэхүү шаардлагын биелүүлэлт банкуудын хувьд ямар хэмжээнд байгаа бол?

-Өнгөрсөн 30 жилд мөрдөгдсөн банкны тухай хууль тогтоомжоор банкуудын зохицуулалт илүү либерал, банкны эзэд өөрсдөө хуулийн этгээдийн хязгаарлагдмал хариуцлагатай, эсвэл хувьцаат компани хэлбэртэй байх эсэхээ сонгох боломжтой байсны зэрэгцээ хувь эзэмшилд ч хэмжээ хязгаар тавьж байгаагүй юм. Олон улсын нийтлэг жишиг, сайн туршлагыг судласны үндсэн дээрээс том хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг багасгаснаар нэг этгээдийн нөлөөллийн хэт давамгай байдал буурч, бүх оролцогч талуудын ашиг сонирхолтой нийцтэй шийдвэр гарах нөхцөл бүрдүүлж, засаглалыг сайжруулж улмаар санхүүгийн салбарын тогтвортой байдлын нэмэгдүүлэх зорилгоор Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр банк зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулсан.

Банкны хувьцаа эзэмшлийн хувь хэмжээнд тавигдсан шаардлагыг биелүүлэх ажил үргэлжилж байгаа боловч богино хугацаанд уг шаардлагыг хангуулахад хувьцаанд хөрөнгө оруулах боломжит дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын бэлэн байдлын хувьд тодорхой эрсдэлүүд үүсэж болзошгүй байна. Нийт арилжааны банкуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл их байгаа ба ялангуяа нээлттэй хувьцаат компани хэлбэртэй байх системд нөлөө бүхий банкуудын хувьд хувьцааны төвлөрөл ойролцоогоор 55-95 хувьтай байна. Системд нөлөө бүхий банкуудын хувьд эхний ээлжинд хувьцаагаа олон нийтэд санал болгох хувь 5-10 хувийн хооронд хэлбэлзэж байгаа бол цаашид нэмж 40-65 хувийн хувьцаагаа нэмж гаргах, эсхүл одоо байгаа хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцаагаа бусдад худалдах замаар дээрх 20 хувийн шаардлагыг хангуулахаар хүлээгдэж байна.  

Одоогийн байдлаар системд нөлөө бүхий 5 банкны олон нийтэд анх удаа санал болгох (IPO) хувьцааны үнэлгээ ойролцоогоор 430 орчим тэрбум төгрөг байхаар хүлээгдэж байгаа бол цаашид нэмж хувьцаа гаргах болон одоо эзэмшиж байгаа хувьцаагаа бусдад худалдах замаар 20 хувийн шаардлагыг хангуулахад ойролцоогоор 1.8-2.0 их наяд төгрөгийн үнэт цаасны арилжаа, хөрөнгө оруулалт татах шаардлага үүсч байна.

Монголбанкны зүгээс “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-ын дагуу улирал бүр төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд сануулах арга хэмжээ авч бүрэн хянаж ажиллаж байгаа.

Ярилцсанд баярлалаа.