Богдхан төмөр зам төслийн бүтээн байгуулалтын ажлын нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс оролцов.  

Энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийг нээж хэлсэн үгэндээ, Богдхан төмөр зам” нь Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм гэдгийг онцлоод бүтээн байгуулалтын ажилд амжилт хүслээ.  Тэрбээр мөн “Богдхан төмөр замын төсөл Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, нийслэлийн Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх бөгөөд зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт юм. Мөн 16.6 км урттай хоёр нүхэн гарцыг Монгол Улсад анх удаа бүтээн байгуулна” гэв. 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон юм. 

Богдхан төмөр зам баригдсанаар: 

  • Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ тоосжилт, бохирдол эрс багасч цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай нүүлгэх боломж нээгдэнэ. 
  • Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхэлж, тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулагдана. Ингэснээр экспорт нэмэгдэж цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Төв аймаг улсын зэрэглэлтэй хот болон тэлэх боломж бий болно.
  • Дагуул  хотууд хөгжиж, төр хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхжинэ.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европыг холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ