Баян-Өлгий аймгийн хэмжээнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн түвшингээс давж аюулын түвшинд хүрэх эрсдэл үүссэн. Тухайлбал Ховд голын усны түвшин нэмэгдсэнээс далангийн ус хальж 30 айл өрх усанд автсан бол Бугат сумын 3 дугаар багт аялал зугаалгаар явж байсан нэг иргэн Ховд голын усанд сэлэх гэж ороод осолдсон харамсалтай мэдээ байна. Мөн Цэнгэл сумын аялал жуулчлалын бүс болох “Сыргалы”, Хотон, Хурган нуур чиглэлийн болон Өлгий-Даян боомт чиглэлийн “Хув үе”, Харганатын гол, Шар тэгшийн голын модон гүүр, Бугат суманд байрлах Хатуугийн голын 156 метрийн урт төмөр бетон гүүр, Ярантын боомт чиглэлийн орон нутгийн чанартай авто замын Булган зэрэг голуудын модон гүүрний зорчих хэсэгт цөмөрч, суулт үүсэн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон бол Алтай сумын орон нутгийн чанартай авто замын Хар бутны голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болсон байна.

Гол, нуурын усны осол болон үерийн аюулт үзэгдлийн хариу арга хэмжээг орон нутгаас 110 хүн, 37 тээврийн хэрэгсэлтэй 72 цагийн хугацаатай тасралтгүй зохион байгуулж ажиллаж байгаа юм.

Иймд Орон нутгийн удирдлагаас аялал жуулчлалын үе ирж буйтай холбоотойгоор эвдэрч сүйдсэн зам, гүүрийг яаралтай сэргээн засварлахаар ажиллаж буй бөгөөд аймгаас ирсэн хүсэлтийг Улсын Онцгой комиссоос хүлээн авч, дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо.