Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Тоглолтыг нээж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газартай тохиролцож, ахмад дайчдаа алдаршуулах, Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сумын төв болгон хөгжүүлэх, баримтат болон уран сайхны кино, телевизийн цуврал нэвтрүүлэг бүтээх, урлагийн уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөн, эхнээсээ хэрэгжүүлж байна” хэмээгээд “Өнөөдөр энэ танхимд цугласан Халхын голын байлдаанд оролцож эх орон газар нутгынхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун насаа зориулсан дайчид болон тэдгээрийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд энэхүү түүхт ойн халуун баярын мэндийг хүргэе” гэв.

Ойн хүрээнд манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүй долоон худагт болох юм. Мөн Алдар спорт хорооноос Хүй долоо хутагт бэсрэг наадам зохион байгуулж, 64 бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга 2018 оны 350 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд Халх голын байлдааны ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх, хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, дүүрэг хороогоор дамжуулан олон нийт, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг олгох ажлын хэсэг байгуулагдсан байна.