Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Амгалан дулааны станцыг 116МВт-аар өргөтгөх төслийн нээлт өнөөдөр /2022.06.16/ боллоо.

Тус цахилгаан станцын өргөтгөлийн нийт төсөвт өртөг нь 66,6 тэрбум бөгөөд төслийн санхүүжилтийн 85 хувь буюу 56.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас олгох юм. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ:-“Энэ төслийн санхүүжилтийн эх үүсвэр бэлэн, эхний ээлжид гүүрэн санхүүжилт хийж, энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.Манай банк “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих хүрээнд улс орны амин чухал асуудалтай холбоотой томоохон төсөл хөтөлбөрт оролцоно гэсэн чиг шугам баримталж байна. Ингэхдээ банкны эх үүсвэртэй уялдуулж, санхүүгийн тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ.” гэлээ.

Дээрх төслийн барилга угсралтын ажлыг 2023 оны 10 дугаар сард бүрэн барьж дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр 1.1 саяГкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж 12000 айл өрх төвлөрсөн дулааны системд нэмэгдэж холбогдох, 7 сургууль, 7 цэцэрлэг дулаанд холбогдох боломж бүрдэх, 40+ жижиг халаалтын зуухыг зогсоох, барилга угсралтын ажлын хүрээнд 200 ажлын байр, байнгын ажлын байр 20 бий болохын зэрэгцээ Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана.