“Дунджууд хол цаашаа” гээд хэлчихвэл уурлаж ундууцах хүн цөөнгүй гарна гэдгийг мэдэж байна. Яагаад гэвэл дунджууд амьдралдаа маш олон зүйлийг бусдын эсэргүүцэл, дарамт шахалтгүйгээр “бүтээж” чаддаг учраас тэр. Бас дундаж давхаргынхан бол нийгмийн гол хөдөлгөгч хүч, тэд л  улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын хүндэт эзэд нь хэмээн онолддог улстөрчдийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэнэ гэдгийг ч сайн мэдэж байна. Гэхдээ энд өгүүлж буй дунджуудын тухай ойлголт бол хэтэвчнийх нь нимгэн, зузаанаар хэмжигдэх үнэлэмж огтоос биш.

Яагаад хүмүүс алтан дундаж байхыг тэгтлээ зөвтгөдөг юм бол. Энэ магадгүй хорвоогийн хамгийн тэнэг 100 асуултын жагсаалтын нэлээд дээгүүрт бичигдсэн ч хамаагүй, үүнийг хүмүүс хааяа ч гэсэн эргэцүүлдэг байгаасай гэж боддог юм. Барын сүүл, батганы толгой хоёрын аль нэг нь байх тухай ярьдаг хүмүүсээс үнэндээ амьдрал дээр олонх нь хэн ч биш болсон байх нь бий. Харин үүнийгээ уйлмаар харамсалтай, гунигт амьдрал гэдгийг ухаардаггүй нь гачлантай. Тэр хүмүүсийн толгойд өнөө маргаашийн амьдралдаа л элбэг дэлбэг, сэтгэл хангалуун байвал ямар ч дүр, дүрсэнд хувирах нь хүртээлгүй мэт байдаг. Түүнийхээ ачаар гурвалжингууд бөөрөнхийтэй найзалж, дөрвөлжингүүдийн тоглоомоор зуйвангууд зугаагаа гаргаж сурна. Тэгсээр эцэс сүүлдээ гудамжаар дүүрэн “инээмтгий хүмүүс” алхахад хүрдэг.

Сайхан инээмсэглэсэн хүн урдаас ширтээд сууж байхад сайхан л даа. Гэхдээ хүмүүс нэгэндээ инээмсэглэл бэлэглэх ёстой, бурмаар тэтгэснээс урмаар тэтгэсэн нь дээр гээд цаг ямагт “цаасан малгай” өмсүүлээд байвал утгагүй гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Тэгсэн хэрнээ эргэн тойрондоо дайсан бий болгохгүй гэсэндээ ч юм уу “Наадах чинь танд зохихгүй байна. Чи надад тохирох хүн биш. Би чадахгүй” гээд шууд хэлчихэж зүрхлэхгүй үгээ залгих нь элбэг. Харин үүнийгээ хэн бүхэнтэй эелдэг найрсаг байх тухай номлодог харилцааны соёл гээчийн үр дүн мөн хэмээн сэтгэвэл том эндүүрэл. Хэн нэгний дургүйг хүргэхгүй, аль ч талд нүүр алдалгүй ингэж шогшлоо гээд найзынхаа хүрээллийг нэмэх нь дунджуудад алдаж болохгүй алтан боломж байж мэдэх юм. “Найзтай болох ийм амархан байхад яахаараа надад л хэн ч байдаггүй” хэмээн үе үе гүнзгий сүүрс алддаг хүмүүсийн нэг нь би өөрөө. Үнэндээ арван жилийн, оюутны ангийн, нутаг усны, фэйсбүүк хуудасны гээд олон найзтай боловч тэр бүхнээс сэтгэл зүрхний хойморт заларч, нар, салхи, агаар, ус, амттан мэт амьдралыг минь утга учиртай болгодог амины хэдхэн нөхдөө үгүйлэхээрээ тэгж боддог л доо. 

Гэхдээ төрсөн өдрийн баяртаа урих олон сайхан найзтай гэдгээрээ өөрийнхөө хэн гэдгийг дүгнэж болохгүйг амьдрал эцсийн мөчид бидэнд сануулахыг гадарлах учраас тэгсгээд тайвширдаг. Өөрийн хүсэл сонирхол, амьдралын зарчмаа уландаа гишгэн байж тогосны дүрд хувилан, таалагдсан бүсгүйтэйгээ нэгэн шөнийг өнгөрүүлдэг “бүргэд”-д хүртэл өвдөөд хэвтэх үед нь сахих хань хэрэгтэй л байдаг шүү дээ. Бүх зүйл дээр жадны үзүүр шиг нэгэн чигт зүтгээд байх аргагүй л дээ. Амьдрал биднийг хүссэн хүсээгүй алтан дунджид сургаж ямар ч илүү дутуу өнцөг, ирмэггүй бөөрөнхий болгодог ч гэлээ орц жорыг нь тааруулж мэдсэн учраас тийм нөхдөөр дутахгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байдаг хүмүүсийн нэг нь бас би. Харин тэгж чадалгүй, хэлбэр галбираа бүрэн алдсан дунджууд хүний амьдралын хамгийн эгзэгтэй, адармаатай үед тэр бэлгийг хүртэж чадах болов уу. Эргэлзэж л байна.

Ямар ч муу муухай, сөрөг таагүй зүйлийг эерэгээр эргүүлж, өөрчлөх боломж дунджуудад байдаг гэдгээрээ бахархдаг юм билээ. Барын сүүл байж, очсон газар болгондоо ад үзэгдэхийн оронд, батганы толгой болж хаа таарсан газартаа тулаанд орж байснаас тэг дунд нь амар жимэр амьдран суухыг эрхэмлэдэг тэд үүнийгээ хожил гэж боддог. Барын сүүлнээс батганы толгой хүртэлх уналт, ялагдал, эргээд тэргүүнд нь гарахын төлөөх тэмцэл, амжилтын амтыг мэдэхгүй учраас дунджууд ийм л бодолтойгоор хорвоо ертөнцийг бардаг биз.

Хүний хорвоо хэчнээн сайхан, тийм хорвоод амьдраад буцах ямар гайхамшигтай хувь тавилан гэдгийг дунджуудын үл ойшоож ад үзээд байдаг “барын сүүл” хүртэл өөрсдөөс нь илүү мэднэ дээ. Тэгэхээр л тэдний амьдрал яасан уйтгартай байдаг бол оо гэж өмнөөс нь харамсдаг.