НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй:

2020 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл  Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт эргүүл, завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж, иргэдийг гол усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсан, Яармаг, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух долоон маршрутаар нийт 2400 орчим алба хаагч ажиллаж байна. Энэ хугацаанд голын усанд автомашинтайгаа суусан 235 иргэнийг амь насыг хамгаалж, 38 автомашиныг татан гаргаж, аюулгүй болгон ажиллалаа. 2020 он гарсаар нийслэлийн хэмжээнд усны ослын 39 дуудлагад давхардсан тоогоор 400 орчим алба хаагч ажиллаж, 144 хүний амь насыг авран хамгаалаад байна.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн долоон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байна. Одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон

Нийслэлийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян зарлаж, сайжруулсан түлшний галлагааны зааварчилгаа, угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлүүлэн нийт төвийн 6 дүүргийн 220 мянган айл өрхөд тараах ажлуудыг хийж байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажил байгаа бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан таван агуулахад нийт 2300 тонн, “Тавантолгой түлш” ХХК-ийн 57 саравчинд 24 мянган тонн, түрээсийн 29 агуулахад 18 мянган тонн нийт 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо болон бусад хороодод шинээр шилжин ирж буй айл өрхөд есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 15131 ширхэг угаарын хий мэдрэгч, сайжруулсан түлшний сайн карт тараах ажлыг зохион байгуулна.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа:

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын 300 батлагдсан тохиолдол байна. Үүнээс 289 иргэн бүрэн эдгэрч, 11 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 24-өөс энэ сарын 26-ны өдрийн хооронд гэрийн тусгаарлалт, ажиглалтад 10703 иргэн байгаа бол 1342 иргэн өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад байна.

Хичээл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдүүдээ тавих хяналтаа сайжруулах, хүүхэд, багачууд, сурагчдад амны хаалтыг тогтмол зүүлгэх, гар ариутгагчийг өгч явуулах, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй зөвлөмжийг сахихыг сануулж байна.